ДОРНОГОВЬ: "Ноён хутагтын өв: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-09 12:54:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан "Ноён хутагтын өв: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр болж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, Щвейцарын Холбооны улс, Унгар улсын 38 эрдэмтэн, судлаачид оролцож, эрдэм шинжилгээний бүтээлээ толилуулж буй.

XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг Монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн 5 дугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ.

Тэрээр Монголын түүхэнд анхны музейг үндэслэгч, сурган хүмүүжүүлэгч, бурхны шашныг шинэчлэгч, эмэгтэй хүнийг дээдлэх үзэлтэн, нийгэм, шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч авьяас билэгт сод хүмүүн байсан юм.

Related news