ГОВЬ-АЛТАЙ: Л.Галбадрах: Гэмт хэрэг үйлдэхэд боловсролын түвшин хамааралгүй болох нь судалгаагаар тогтоогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-09 13:52:03

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2023 оны эхний таван сарын байдлаар тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг судалжээ. Энэхүү судалгааны талаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Л.Галбадрахаас тодрууллаа.

Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авснаар төгсдөг гэмт хэрэг юм.


-Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2023 он гарсаар хулгайн гэмт хэргийн гаралт, түүний шийдвэрлэлтийн талаар судалгаа хийжээ. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн хэчнээн гомдол мэдээлэл ирсэн, шийдвэрлэлтийн байдал ямар шатандаа явж байна вэ?

-Говь-Алтай аймгийн хэмжээнд 2023 оны эхний таван сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 210 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 33 бүртгэгдсэн нь нийт гомдол, мэдээллийн 15.7 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шийдвэрлэлтийн байдлаар нь авч үзвэл, 33 гэмт хэргийн 10 буюу 30.3 хувийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 10 буюу 30.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол 5 буюу 15.1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Үлдэгдэл 8 буюу 24.2 хувь нь ажиллагаанд шалгагдаж байна.


-Хулгайн гэмт хэргийг ихэвчлэн ямар хүмүүс үйлдэж байна. Ер нь хөдөө сумдад уу эсвэл аймгийн төвд үйлдэгдэж байна уу?

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 7, Чандмань, Шарга, Дарив, Алтай суманд тус бүр 1 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хулгайн 11 хэрэгт 15 хүн холбогдсон бөгөөд эдгээр 15 хүн бүгд эрэгтэй байна.


-Энэ төрлийн гэмт хэргийг хэдээс хэдэн насныхан үйлдэж байна вэ?

-Тэднийг насны ангиллаар нь авч үзвэл 18 хүртэлх насны 4, 19-25 насны 2, 26-36 насны хүн 2, 37-45 насны 5, 46-аас дээш насны 2 хүн гэмт хэрэг үйлджээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс бага боловсролтой 3, бүрэн бус дунд боловсролтой 3, бүрэн дунд боловсролтой 6, дээд боловсролтой 3 хүн гэмт хэрэг үйлджээ. Үүнээс үзвэл гэмт хэрэг үйлдэхэд боловсролын түвшин хамааралгүй болох нь судалгаагаар тогтоогдож байна. Мөн эд хийж бүтээх, хөдөлмөрлөх насны хүмүүс гэмт хэрэг үйлдэж байгаа нь анхаарал татаж байна. Харин 18 хүртэлх насны өөрөөр хэлбэл өсвөр насны 4 хүн гэмт хэрэг үйлдсэн байна.

Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал эцэг, эхийн хараа хяналт сул, нөгөөтэйгүүр найзалж нөхөрлөдөг тойрон хүрээллийн байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа.


-Хулгайн гэмт хэргийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учраад байна вэ?

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын байдлыг судлахад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэгт 34.739.000 төгрөгийн хохирол учирсан. Харин мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 11 хэрэгт 14.738.000 төгрөгийн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын хэрэгт учирсан 14.738.000 төгрөгийн хохирлоос 4.044.400 төгрөгийн хохирол мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нөхөн төлөгдсөн бол үлдэгдэл хохирол шүүхийн шатанд төлөгдсөн байна.


-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд бусдын ямар эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч ашиглаж байна. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ямар ял эдэлж байна вэ?

-Хулгайлагдсан эд зүйлсийн байдлыг судлахад авто машины аккумлятор, мотор, хүнсний эд зүйлс, хувцас, бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний зүйл, тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, обуд, гар утас, эмээл зэрэг эд зүйлсийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан байна.

Хулгайн гэмт хэргийн шийдвэрлэлт, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлахад прокуророос 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүхээс 4 хэрэгт холбогдох 4 хүнд хорих ял, Зорчих эрхийг хязгаарлах ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, тэнсэх, албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэжээ.


-Хулгайн гэмт хэргийг үйлдээд байгаа голлох шалтгаан нөхцөл юу байна, иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гэмт хэрэг үйлдэгдсэн арга хэлбэр, шалтгаан нөхцөлийг судлахад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь нууц далд аргаар бусдын өмчийг хулгайлсан. Мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой, өөрсдийн хэрэгцээг хангахын тулд гэмт хэрэг үйлдсэн байна. Нөгөөтэйгүүр хохирогч нарын зүгээс өөрсдийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах байдал хангалтгүй байна. Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг нь иргэдийн цахим хэрэгслийг ашиглан эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын данснаас мөнгө шилжүүлэн авч хулгай хийж байна. Иймд иргэдийн зүгээс өөрсдийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах байдалд анхаарах зайлшгүй шаардлагатай юм.

Мөн цахим хэрэгсэл хөгжсөн энэ үед өөрсдийн цахим банкны аюулгүй байдлыг хангаж бусдад дамжуулахгүй байх, нууц үгийг тогтмол хугацаанд сольж шинэчилж байх шаардлага үүсэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.


Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнийг хүндрүүлэн үзэхээр хуульчилсан. Үүнд юу хамаарах вэ гэхээр эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн авомашин, гарааш, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг ойлгодог.

Иймд иргэд та бүхэн өөрсдийн өмч хөрөнгийг хадгалах хамгаалахад анхаарах, мөн ажлаар болон хувийн шалтгааны улмаас удаан хугацаагаар явж байгаа тохиолдолд эзэнгүй үлдэж байгаа эд хөрөнгөө бусдад захиж байнгын хяналттай байлгах, мөн хөршийн харилцааг сайжруулж аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна.

-Цаг гарган тодруулга мэдээлэл өгсөнд баярлалаа.

Related news