Говийн аймгуудыг барилгын материалаар хангадаг үйлдвэр Дундговь аймагт байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-12 14:43:13

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дундговь аймгийн барилгачид тэмдэглэн өнгөрүүлж байна. Дундговь аймгийн хувьд барилгын салбарын үүсэл хөгжил 55 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын барилгын салбарын хөгжилд тус аймгийн барилгачдын оруулсан хувь нэмрийг тодотгон, үе үеийн барилгачдаа уулзуулж байгаа нь түүхэн ойн онцлог болж байна.

1942 онд Дундговь аймгийн төв гуч гаруй гэртэйгээр үндэс суурь тавин, голомт асааж байсан. Удалгүй гар үйлдвэрийн артель аймаг, сум бүрт байгуулагдаж, артелийн ажилчдын хүчээр барилгын материал бэлдэн, барилга байшингаа барьж эхэлсэн түүхтэй. Артелийн ажилчдын бүтээн байгуулалтыг түүчээлж, 1961 онд тус аймагт барилгын төрөлжсөн байгууллагын эх үндэс тавигдсан нь барилгын 4- р анги юм. Барилгын ангийн үйл ажиллагаа өргөжсөөр 1964 онд барилга угсралтын контор, 1976 онд техник туслалцааны барилгын 6- р трест болсон байна.

ЗХУ- ын техник эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн тоноглогдсон барилгын материал үйлдвэрлэлийн бааз, жилд 8- 12 сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай ханын материалын үйлдвэр барьж ашиглалтад оруулан барилгын 6- р терэстэд хүлээлгэн өгсөн нь говийн гурван аймгийн барилгын материалын хэрэгцээг хангадаг томоохон бааз суурь болсон. 1971 онд барилгын зураг төслөө боловсруулдаг байгууллага үүдээ нээсэн,  1975 онд барилгын мэргэжилтэй ажилчин бэлтгэх Техник мэргэжлийн сургууль байгуулагдсан, эдгээр нь  мөн л говийн гурван аймгийг хамран үйл ажиллагаа явуулдаг байсан гээд үзэхэд барилгын салбар Дундговь аймгийн хувьд эрчтэй хөгжиж байжээ. 1989 он гэхэд Дундговийн барилгын салбар 1000 гаруй ажилчинтай, орчин үеийн машин тоног төхөөрөмжөөр хангагдсан томоохон салбар болж чадсан байна. Энэ нь Дундговийн түүхэнд  онцлох байр суурьтайгаар тэмдэглэгдсэн үлджээ.

Түүхт ойд зориулсан үе үеийн барилгачдын уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад барилгачид ажил амьдралаа холбож явсан их барилгынхаа тухай дурсамжийг хуваалцсан юм.

Барилгын 6-р трестийн дарга асан, ахмад барилгачин Т. Базардарь өгүүлэхдээ, “Барилгын 6- р трест барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, тоосгоны үйлдвэр,авто тээврийн бааз, бетон зуурмагийн цехтэй томоохон байгууллага байсан. Зөвхөн манай бетон зуурмагийн үйлдвэр гэхэд жилдээ 5000 шоо метр төмөр бетон эдлэл, 1000 шоо метр бетон зуурмаг, 5000 м.кв хаалга цонх үйлдвэрлэдэг. Авто тээврийн хэсэг гэхэд говийн гурван аймагт барилгын материал тээвэрлэн хүргэдэг, аймгийн авто тээврийн баазтай дүйцэхүйц хүчин чадалтай хамт олон байсан” хэмээн дурссан бол барилга угсралтын бригадын дарга асан, одоо “Саадагийн овоо” ХХК- ийн захирлаар ажиллаж буй Ч. Хишигтогтох, “1970 онд Дархан хотын барилгын техник мэргэжлийн сургууль төгсч ирээд барилгын 6-р трестэд ажилласан. 1974 онд барилга угсралтын бригадын даргаар ажиллаж, Гурвансайхан суманд 50 хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн сургууль, 3 мянган тоннын багтаамжтай тэжээлийн агуулах, аймгийн төвд 24, 48 айлын орон сууцнууд, Нэгдсэн эмнэлэг, амбулатори, Усжуулахын контор, граж гээд олон барилга барьж ашиглалтад оруулж байлаа. Хожим нь 1991 онд барилгын байгууллага бүтэцийн өөрчлөлт хийхэд “Жаргалан” хоршоо байгуулж, улмаар “Саадагийн овоо” ХХК- аа байгуулан өнөөдрийг хүртэл барилгын салбартаа хөдөлмөрлөж байна. Нийт 110 гаруй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь миний түүх болж үлджээ” хэмээн дурсамж хуваалцсан юм.

1971 онд байгуулагдсан барилгын зураг төслийн товчооны даргаар олон жил ажилласан Л. Бямбаа, “Миний хувьд 1984 онд барилгын зураг төслийн товчооны даргаар томилогдон ажилласан. 1980- аад он гэдэг барилгын салбарын ид хөгжлийн үе байсан. Тэр үед 20 гаруй инженер техникийн ажилчинтай, говийн гурван аймагт барилгын зураг төсөл боловсруулж өгдөг томоохон байгууллага бол манай товчоо байлаа. Бид зураг төслийн товчооны барилгыг 1988 онд 242 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгээр  барьж ашиглалтад оруулж байсан нь өөрийн хөрөнгөөр контортой болсон анхны зураг төслийн товчоо болж байлаа” гэв.

Дундговь аймаг байгуулагдаад 50 жил болоход барилгачид нийгмийн бүхий л салбарт 600- аад сая төгрөгрийн хөрөнгө оруулж, 440 орчим сая төгрөгийн үндсэн бонд бүхий томоохон бүтээн байгуулалтыг үлдээж чаджээ.  

1991 онд аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор Барилгын 6-р трестийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, ширэм хайлуулж боловсруулах “Мандал” хоршоо, барилгачдын амралт, сувилалын “ Халамж” хоршоо, шороон бас тосон будаг бэлтгэх “Бүтээлч” хоршоо зэргээр чиг үүргээрээ 11 хоршоо болж зохион байгуулагдсан байна.

Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт барилгын тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцон, сүүлийн 3 жилд 600 гаруй айлын орон сууц ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news