БАЯН-ӨЛГИЙ: Таван байршлаас 440 гаруй үйлчилгээг нэг дор авах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-20 11:25:42

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “Хурдан” цэгийг энэ сарын 19-ний өдөр нээлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын  дарга П.Батбаатар, Цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо, Радио, телевизийн үндэсний сүлжээ, улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Д.Дагвасүмбэрэл, аймгийн Засаг дарга А.Камелият, Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан болон бусад хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.


Ийнхүү Баян-Өлгий аймаг нь төрийн цахим үйлчилгээний "Хурдан" цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг болж байна. Тус цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд операторын горимоор ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.


Өлгий хотод Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Нэгдсэн эмнэлэг, Авто тээврийн төв, Шуудангийн газар, Өлгий сумын ЗДТГ зэрэг дөрвөн байршилд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан.


Иргэд тухайн цэгүүдээс 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болов. Цаашид "Хурдан" цэгээс авах үйлчилгээний тоог 1000 хүргэх зорилготой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Related news