БАЯН-ӨЛГИЙ: Энэ сард 5 хүн усанд осолдож амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-29 07:55:17

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сар гарснаас хойш 5 хүн гол, нуурын усанд осолдож амиа алдсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


"Сүүлийн 20 хоногийн дотор аймгийн хэмжээнд 5 хүн усанд осолдож амиа алдсан. Хамгийн сүүлд энэ сарын 27-ны өдөр Ногооннуур сумын Улаанчуулуут багийн нутаг дэвсгэр дэх Таван салаа хэмээх газарт 13 настай хүүхэд голын усанд осолдсон гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын аврах, эрэн хайх бүлэг ажиллаж, хүүхдийн цогцсыг Ховд голын уснаас гарган хуулийн байгууллагад хүлээлгэж өглөө. Тухайн хүүхдийн хувьд голын усанд орох гэж байгаад осолдсон байна. Иргэд голдуу Ховд голын эрэг дагуу амарч зугаалж явахдаа усанд орох үеэр болон гол гатлах явцад осолдож амиа алдаж байна. Тийм учраас иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аялах, зугаалах үеэр гол, нуурын усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна" хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат хэлэв.  


Энэ сарын 10-ны өдөр Ховд аймгийн харьяат 25 настай иргэн Д нь Ховд голын усанд осолдсон гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Тухайн иргэний цогцос одоог хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Уг иргэний цогцсын эрэн хайх явцад энэ сарын 27-ны өдөр Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Ховд голын уснаас 50 орчим насны үл таних эрэгтэй хүний цогцос олджээ. Цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн ба хэн болох нь хараахан тодорхойгүй байна. 

Related news