Тивийн хоккейн лигийн үзүүлэх тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-06-30 10:39:19

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Спортын яам, Тивийн хоккейн лигтэй (ТХЛ) хамтран Улаанбаатарт үзүүлэх тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна гэж ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин мэдэгджээ.


Олег Матыцин Азербайжаны Баку хотноо болж буй Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд нарын олон улсын VII бага хурлын үеэр Монгол Улсын Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдтай уулзах үеэрээ уг тоглолтын талаар хэлэлцсэн байна. 


"Спортын салбарыг хөгжүүлэхэд харилцан сонирхсон олон асуудал бий. Спортын харилцааг бэхжүүлэхийн тулд бүх боломжийг ашиглах шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Монголын тамирчид "Азийн хүүхдүүд" олон улсын тэмцээнд оролцож, Оросын уран гулгагчид Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулан цуврал үзүүлэх тоглолт зохион байгуулсан нь ихээхэн сонирхол татсан. Бид ТХЛ-тэй хамтран Улаанбаатар хотод үзүүлэх тэмцээн зохион байгуулахаар ажиллаж байна" гэж Матыцины хэлснийг Оросын Спортын яамны цахим хуудаст эш татжээ. 


Энэ оны тавдугаар сард Оросын уран гулгагчдын үзүүлэх тоглолт Улаанбаатар хотноо болсон билээ. Энэхүү шоу тоглолтод  Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина, Александр Галлямов нар оролцсон юм.


ТХЛ-ийн үзүүлэх тоглолтыг хамгийн сүүлд 2021 онд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан байна. 

Related news