Элтон Жон сүүлчийн аялан тоглолтоо дуусгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-07-09 11:08:44

СТОКХОЛМ. /Daily Mail/. Их Британийн домогт хөгжмийн зохиолч, дуучин, өдгөө 76 настай  Элтон Жон таван жил үргэлжилсэн “Farewell Yellow Brick Road Tour” нэртэй аялан тоглолтоо Стокхолм хотын “Tele2 Arena” цэнгэлдэх хүрээлэнд дуусгалаа. 


Элтон Жон тоглолтоо 1973 онд гаргасан “Goodbye Yellow Brick Road” цомгийнхоо ижил нэртэй дуугаар өндөрлүүлжээ.


Стокхолмд сэр Элтон Жон "дахин хэзээ ч аялан тоглолт хийхгүй" гэдгээ хэлсэн боловч хааяа тоглолт хийхээ үгүйсгээгүй байна. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчдэдээ хэзээ ч мартахгүй хэмээн талархал илэрхийлэв.


“Farewell Yellow Brick Road Tour” аялан тоглолт нь 330 хоног үргэлжилжээ. Элтон Жон уран бүтээлийнхээ 50 гаруй жилийн хугацаанд дэлхийн 80 гаруй оронд дөрвөн мянга гаруй концертоо толилуулсан бөгөөд анхны аялан тоглолт нь 1970 онд болжээ.


Тэрбээр өмнө нь төрөлх хотдоо Гластонбурийн хөгжмийн наадмын үеэр сүүлчийн тоглолтоо толилуулсан билээ. Тоглолт зургаадугаар сарын 25-ны ням гарагт болсон бөгөөд Элтон Жон уг наадмын олон тайзнаас хамгийн нэр хүндтэй нь болох “Pyramid Stage” тайзнаас ая дуугаа өргөсөн юм.


Өнгөрсөн долоо хоногт Парист толилуулсан тоглолтыг нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргий Брижитийн хамт үзжээ. 


Related news