ДАРХАН-УУЛ: Шилжин ирэгсдийн тоогоор улсдаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-01 08:16:59

ДАРХАН /МОНЦАМЭ/. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Орон нутагт шилжин суурьших боломж” бүсийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сард зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс “Төвлөрлийг сааруулахад бүс нутгийн хөгжлийн бодлого баримталж ажиллах”-аар  болж, Дархан хотыг хүн ам суурьших, бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой бүс нутаг гэж хэлэлцүүлэгт оролцогсод дүгнэсэн юм.



Дархан-Уул аймаг бүртгэлтэй 109 мянган хүн амтай. Их, дээд, коллеж, мэргэжлийн сургуульд суралцагсад, бусад түр оршин суугч зэргийг авч үзвэл албан бус 130 мянга гаруй хүн амтай. Одоо байгаа дэд бүтэц, төлөвлөлтийн дагуу 100 мянган хүн хүлээн авах боломжтой аж.


Сүүлийн гурван жилийн хугацаанд 6000 гаруй иргэн шилжин ирсэн бөгөөд зөвхөн өнгөрсөн 2022 онд 3000 гаруй иргэн шилжин ирсэн аж. Уг үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлж эхэлсэн байна.


Газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, томоохон ААНБ-уудын салбар, үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн сургалт судалгааны төвүүдийг татан авчрах боломжтой зэрэг нэн таатай бүс нутгийн тэргүүн эгнээнд яригдах болсон Дархан-Уул аймаг бизнес эрхлэгчдийг дэмжиж төрийн дарамтгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээж буйг өнгөрсөн хавар аймгийн Засаг дарга мэдэгдсэн.


Энэ ч утгаараа орон нутгийн удирдлагуудтай харилцан тохиролцож, уян хатан нөхцөлтэйгөөр иргэдэд үнийн дарамт үзүүлэхгүй бизнес эрхлэгч, барилгын компаниуд, Дархан хотод амьдрахаар ирж буй иргэдэд зориулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц барих зориулалттай 106 га газар бэлэн бий гэдгийг ч орон нутгийн удирдлагууд нээлттэй мэдээлсэн.


Аймгийн төвд сүүлийн арав орчим жил гэр хороололд шинээр газар олголт хийгдээгүй, одоо байгаа гэр хорооллыг тэлээгүй бөгөөд үүгээрээ утаа бууруулах, төлөвлөлтийг алдаагүй гэдгээрээ онцлогтой.


2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулах, улмаар 2035 онд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоог 300 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс тус зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн эхний томоохон ажил нь дэд бүтцийг сайжруулж, орон сууцны хорооллыг тэлэх “Залуус хороолол” төсөл ажээ. "Залуус хороолол" төслийг хэрэгжүүлж 10.000 айл өрхийг орон сууцжуулна.


Өнөөдрийн байдлаар 29.000 гаруй өрхийн 52.1 хувь нь  нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг. 2035 он гэхэд гэр хороололгүй аймаг болох зорилтын хүрээнд барилгын салбарыг түлхүү хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа юм. 2023 оны тухайд 14 байршилд 1467 айлын орон сууц баригдаж байна.

Related news