ЮНЕСКО Венец хотыг устах аюулд өртөөд буй Дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-01 12:43:17

ПАРИС/AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас  Венец хотыг устах аюулд өртөөд буй Дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг зөвлөжээ.


Тус байгууллагаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд,  Италийн эрх баригчид энэхүү түүхэн хот болон түүний эргэн тойрны усан мандлыг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.


Уур амьсгалын өөрчлөлт, жуулчдын “хөлд дарагдах” зэрэг олон шалтгаанаас болж Венец хот "эргэлт буцалтгүй" устах аюулд өртөх эрсдэлтэй гэжээ. Уг зөвлөмжийг ирэх есдүгээр сард Эр-Рияд хотноо болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлэн батлуулах аж.


"Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үнэ цэнтэй, гайхамшигтай өв нь хүний оролцоо, түүний дотор бүтээн байгуулалт, олон тооны жуулчид, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн улам бүр доройтсоор эргэлт буцалтгүй өөрчлөгдөх аюулд өртөөд байна" гэж ЮНЕСКО мэдэгдсэн байна.


Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд Итали улс "их хойрго" хандаж байгаа бөгөөд энэ нь "стратегийн цогц алсын хараа байхгүйгээс үүдэлтэй"  хэмээн ЮНЕСКО-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

Related news