Хятадад нүүрлэсэн үерийн улмаас цагаан будааны үнэ өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-14 14:44:50

БЭЭЖИН. /CNBC/. Дэлхийд цагаан будааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятад улсад аадар бороо, үерийн эрсдэл нүүрлэж байгаатай холбоотойгоор дэлхийн цагаан будааны зах зээл дээр байдал хүндэрч болзошгүй байна.


“Fitch Ratings” агентлаг саяхан гаргасан тайландаа “Хятадын зүүн хойд бүс нутагт их хэмжээний бороо орсноор ургац багасаж байгаа нь дэлхийн цагаан будааны үнийг өсгөхөд нөлөөлнө” гэж таамаглажээ.


Хятад улс цагаан будааны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн 23 хувийг бүрдүүлдэг Өвөр Монгол, Жилинь, Хармөрөн гэсэн гурван мужид үерийн эрсдэл нэмэгдсэнийг тайланд онцолсон байна.


Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс сүүлийн долоо хоногуудад үерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Тухайлбал, “Доксури” хар салхи нь Хятадын хойд хэсэгт сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй шуурганы нэг байсан бол нийслэл Бээжин хотод сүүлийн 140 жилд бүртгэгдээгүй хүчтэй аадар бороо орсон юм.


Дээр дурдсан гурван муж дахь үр тарианы гол бүс нутгууд аадар бороо, “Доксури” хар салхинд нэрвэгдсэнээс гадна “Ханун” хар салхи хойд зүгийг чиглэж байгаа тул үерийн гамшиг дахин нэрвэж болзошгүй байна. Улмаар үр тарианы талбайнууд усанд автсанаар тухайн жилийн ургацын хэмжээ буурна гэж “Fitch”-ийн тайланд дурдсан ч одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.


“Энэ нь Хятадын дотоодын үр тарианы үнийг өсгөж, ургацын алдагдлыг нөхөхийн тулд 2023 оны хоёрдугаар хагаст импортыг нэмэгдүүлэхэд хүргэнэ” гэж зээлжих зэрэглэлийн компани мэдээлээд, хэрэв өөрийн ургацын хэмжээ багасвал тус улс илүү их үр тариа импортлох шаардлагатай болж магадгүй бөгөөд улмаар дэлхийн зах зээлд цагаан будааны үнийг улам өсгөж магадгүй гэдгийг нэмж тэмдэглэжээ.


НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр, дэлхийн зах зээлд цагаан будааны үнэ сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгт дөхөж байна.


Энэтхэг өнгөрсөн сард басмати сортын бус цагаан будаа экспортлохыг хориглож, Тайланд хур тунадас бага байгаагийн улмаас ус хэмнэхийн тулд тариаланчдадаа бага будаа тариалахыг уриалаад байгааг харгалзан зах зээлийн шинжээчид цагаан будааны үнэ өснө гэж таамаглаж байна.


Дэлхийн цагаан будааны худалдааны 40 гаруй хувийг бүрдүүлдэг Энэтхэгт Засгийн газар нь дотоодын хүнсний үнийн өсөлттэй тэмцэж байгаатай холбоотойгоор долоодугаар сарын 20-нд басмати сортын бус цагаан будаа экспортлохыг хоригложээ. Цагаан будааны үнэ сүүлийн арван жилийн дээд цэгт хүрч, фьючерс хэлцлийн үнэ 100 кг нь 15.98 ам.доллараар арилжаалагдаж байна.


Fitch”-ийн тайланд мөн будаанаас гадна эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг үерийн эрсдэлд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа Өвөрмонгол, Жилинь, Хармөрөн зэрэг мужид тариалдаг гол үр тарианы талаар дурджээ. Хятад улс энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин их үр тариа импортлох төлөвтэй байна.

Related news