“Фүкүшима”-гийн цэвэрлэсэн усыг өнөөдрөөс далайд асгаж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-24 11:07:07

ТОКИО. /NHK/. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цэвэрлэж шингэрүүлсэн усыг орон нутгийн цагаар пүрэв гаргийн 13:00 цагаас далайд асгаж эхлэхээр товложээ.


Японы Засгийн газрын мэдэгдсэнээр, газар хөдлөлт, цунамийн гамшигт өртөөд 12 жил гаруйн нүүрийг үзэж буй станцыг ашиглалтаас гаргахын тулд үүнийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа ажээ.


Станцын оператор “Tokyo Electric Power Company” /TEPCO/ компани усыг асгахад бэлэн болсон гэдгийг өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. “Холбогдох дүн шинжилгээнд үндэслэн усыг шингэрүүлэх ажиллагааг төлөвлөсний дагуу явуулсан гэж дүгнэлээ. Иймээс үдийн 13:00 цагийн орчимд усыг далайд асгаж эхэлнэ. Одоо бэлтгэл ажил үргэлжилж байна” гэж “TEPCO” компанийн “Фүкүшима-1” станцыг ашиглалтаас гаргах асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Мацүмото Жүничи хэлжээ.


2011 онд байгалийн гамшгийн улмаас “Фүкүшима-1”-ийн гурван реактор хайлжээ. Түүнээс хойш станцын хайлсан түлшийг хөргөхөд ашигладаг ус нь бороо, гүний устай холилдон хэмжээ нь нэмэгдсээр байгаа юм.


Усан дахь цацраг идэвхт бодисуудыг гадагшлуулахын тулд цэвэрлэсэн боловч тритий агуулагдсан хэвээр байна. Усыг далайд асгахаасаа өмнө оператор компани цэвэрлэсэн усан дахь тритийн агууламжийг ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх түвшний 1/7-д хүргэн багасгаж шингэрүүлжээ.


Ингээд усыг далайн ёроол дахь хоолойгоор дамжуулан эргээс нэг км-ийн зайд асгана. Усыг асгах ажиллагааны эхний үе шат ойролцоогоор 17 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 7800 орчим тонн ус асгах ажээ. Улмаар уг үйл явц бүхэлдээ 30 жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.


Орон нутгийн үйлдвэрүүдийн зүгээс, цэвэрлэсэн усыг далайд асгах нь өөрсдийнх нь бизнест хэрхэн нөлөөлөхөд санаа зовниж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Харин Засгийн газар үйлдвэр аж ахуйн газруудын нэр хүндэд хохирол учруулахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ гэдгээ амлажээ.  



Related news