Уртраг өргөрөгийн огтлолцол бүхий энергийн төвийг тохижуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндий Эрдэнэ хайрханы өвөрт дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 50 градус, уртрагийн 100 градусын огтлолцлын цэг бүхий энергийн төв байна гэдгийг Япон Монголын эрдэмтэд тогтоосон байна. Тус төвийн орчмыг 23 сая төгрөгөөр тохижуулж байна.
Энд сүүлийн үед нутгийн иргэд төдийгүй гадаад дотоодын жуулчид ч их ирдэг болжээ. Ялангуяа шинэ оны өглөөний нар, цагаан сарын шиний нэгний өглөөний нарыг энергийн төвөөс харахаар зорин очдог байна. Энэ зуны хувьд өдөрт 100-200 орчим иргэд тотмол ирсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Энергийн төвийн хажууд сүү өргөх тогоо, сүү дусаах дөрөө, дэлхийн бөмбөрцөг, цацал, сандал ширээ, Алаг-Эрдэнэ сумын бахарал гээд нутаг орныхоо онцлог бүхий орчинг бий болгох, гадна дотны аялагч жуулчид жилийн 4 улиралд ирж үзэх боломжтой аялал жуулчлалын томоохон төв болгох зорилт тавьсан тохижилтын ажлыг ирэх хавар хийж дуусгахаар төлөвлөж байгаа гэдгийг Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Ё.Даваа хэлж байлаа.
Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцлын давхцал таарсан 4 цэг байдгийн хоёр нь Атлантын далайд огтлолцдог бол хуурай газар байдаг хоёр цэгийн нэг нь Канад улсад нөгөөх нь Алаг-Эрдэнэ сумын нутагт Хөвсгөл нуур явах замын хажууд байгаа учраас иргэд Хөвсгөл нуур үзэх замдаа тус төвийг үзэх боломжтой ажээ.
Б.Гантуяа