Хятадад нэвтрэхэд “COVID-19”-ийн шинжилгээ шаардахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /AP/. Хятад улс лхагва гаргаас эхлэн хилийн чанадаас ирж буй аялагчдаас “COVID-19” шинжилгээний сөрөг хариу шаардахаа зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ нь 2020 оны гуравдугаар сард хилээ хааснаас хойш гурван жилийн турш тусгаарлагдмал байсны эцэст дэлхий дахинд үүд хаалгаа дахин нээж буй чухал алхам юм.
Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь даваа гарагт Бээжинд болсон
хэвлэлийн бага хурлын үеэр дээрх
шийдвэрийг танилцуулжээ. Хятад улс энэ оны нэгдүгээр сард хилийн чанадаас ирж буй иргэдэд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалж,
сүүлийн хэдэн сарын хугацаанд иргэдийн зорчих боломжтой орнуудын жагсаалтыг аажмаар өргөтгөж, олон улсын нислэгийн тоог
нэмэгдүүлсэн юм.
Бээжин цар
тахалтай тэмцэхийн тулд хотод бүхэлд нь хөл хорио тогтоох, халдвар авсан
хүмүүст удаан хугацааны турш тусгаарлагдах шаардлага тавих зэрэг хатуу арга
хэмжээнүүдийг удтал хэрэгжүүлсний
эцэст өнгөрсөн 12 дугаар сараас “ковидыг тэглэх” бодлогоо
цуцалсан билээ. Энэхүү хязгаарлалт нь дэлхийн хоёр дахь том эдийн
засгийн өсөлтийг сааруулснаар ажилгүйдэл
нэмэгдэж, үе үе эмх замбараагүй
байдал үүсэхэд хүргэжээ.
Хатуу арга хэмжээнүүдийн хүрээнд хилийн чанадаас ирж буй аялагчид засгийн газраас тогтоосон зочид буудлуудад хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдаж байсан юм. Түүнчлэн вирусний тархалтыг зогсоохын тулд зарим тохиолдолд оршин суугчдыг гэрт нь хүчээр тусгаарлаж байлаа. Улмаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Нанжин зэрэг томоохон хотуудад 11 дүгээр сард “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь 1989 оны Тяньаньмэний жагсаалаас хойш Коммунист намын засаглалд учирсан томоохон сорилт байв.
12 дугаар сарын эхээр эрх баригчид “COVID-19”-ийн ихэнх хязгаарлалтыг гэнэт цуцалсан нь эмнэлэг, цогцос хадгалах газруудыг дүүргэсэн халдварын давлагааг эхлүүлсэн байна. Энэ сард АНУ-ын холбооны санхүүжилтээр хийсэн судалгаагаар, Хятадад “ковидыг тэглэх” бодлогыг гэнэт цуцалсан нь дараагийн хоёр сард ойролцоогоор 2 сая гаруй хүнийг нас барахад хүргэсэн болохыг тогтоожээ. Энэ тоо нь хязгаарлалтыг цуцалснаас хойш нэг сарын дотор 60 мянган хүн нас барсан гэх албан ёсны тооноос хавьгүй өндөр байна.
“Ковидыг тэглэх”
бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд орон нутгийн эрх баригчид халдварыг
тараахгүйн тулд гэнэтийн хөл хорио
тогтоож, хүмүүсийг оффис, орон сууцнаасаа гарахыг хориглодог байв. Өнгөрсөн
оны 4-6 сард Шанхай хотын 25 сая оршин суугч хөл
хорионд орсон нь цар тахлын үеийн хамгийн том хөл хорионд зүй ёсоор тооцогдож байна.
Оршин суугчид PCR шинжилгээнд байнга хамрагдах шаардлагатай байсан бөгөөд
засгийн газрын хүнсний хангамжид найдаж байлаа.
Цар тахлын туршид халдварын тоо харьцангуй цөөн байсныг Хятадын улс төрийн тогтолцоо барууны ардчилсан орнуудынхаас давуу гэж сурталчлахад ашиглаж байсан юм. “COVID-19”-ийн хязгаарлалтыг цуцалснаас хойш эдийн засгийн сэргэлт тааруу байгааг өөрчлөн залруулахаар Хятадын засгийн газар ажиллаж байна. АНУ болон барууны бусад ардчилсан орнуудтай дипломат маргаан үүссэнтэй зэрэгцээд дээрх хязгаарлалтууд нь гадаадын зарим компаниудыг Хятад дахь хөрөнгө оруулалтаа бууруулахад хүргэжээ.
Related news

