БАЯН-ӨЛГИЙ: Өнгөрсөн онд малчдын хүүхдүүдийн 34 хувь нь цэцэрлэгт хамрагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-01 11:12:33

Өлгий /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын зарим статистик мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.


  • Баян-Өлгий аймаг нь ерөнхий боловсролын 44 сургууль, 1755 багш, 25918 сурагчтай. Үүнээс бага боловсролд 12597, суурь боловсролд 8180, бүрэн дунд боловсролд 5114 хүүхэд суралцаж байна.
  • 2022-2023 оны хичээлийн жилд  1655  хүүхэд ерөнхий боловсролын сургуулийг төгссөн.
  • 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн дундаж оноо 487 байгаа. Энэ нь улсын дундаж (517)-аас 30 оноогоор доогуур үзүүлэлт юм.
  • Аймгийн хэмжээнд сургуульд хамрагдах ёстой 6 настай 2735 хүүхэд бий.
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэг багш, ажилчинд ногдох хүүхдийн тоо дунджаар 8, нэг багшид ногдох сурагчийн тоо 15 байна. Энэ нь улсын хэмжээнд хамгийн бага үзүүлэлт юм.
  • Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 48, хувийн хэвшлийн 6, нийтдээ 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр цэцэрлэгүүдэд 324 үндсэн багш, 271 туслах багш ажиллаж байна. Мөн 294 бүлэгт 8448 хүүхэд хүмүүждэг.
  • Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын улсын дундаж нь 87,1 хувь байгаа. Харин Баян-Өлгий аймгийн үзүүлэлт улсын дунджаас доогуур буюу 74 хувийн  хамрагдалттай байна.
  • 2022-2023 оны хичээлийн жилд 2291 (82%) хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлэгт хамрагдаж, сургуульд бэлтгэгдсэн. Нийт 5 настай хүүхдийн 17.1 хувь нь малчдын хүүхэд аж. Мөн 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын улсын дундаж нь 93,3 хувь, Баян-Өлгий аймгийнх 82 хувь байна.
  • Малчдын 2-5 насны нийт 4902 хүүхэд байгаа ба үүнээс 1671 (34%) хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ.
  • Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны  (2-6 нас) хөгжлийн бэрхшээлтэй 130  хүүхэд  байгаа. Үүнээс 2022-2023 оны хичээлийн жилд 22 хүүхэд буюу 17,5 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна.
Related news