ӨМНӨГОВЬ: Газрын зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг албадан нүүлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-11 16:24:52

Даланзадгад /МОНЦАМЭ/. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн зам дагуу газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг албадан чөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

 

Тодруулбал, Гашуунсухайт боомт чиглэлийн засмал зам дагуу хүнд даацын автомашины бөөгнөрөл ихээр үүссэний улмаас байгаль орчны бохирдол, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдаж эмх замбараагүй байдал үүсгээд байгаа нь сумын хэмжээнд нэн тулгамдсан асуудал болж байна.

 


Тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамж гарч зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 400 гаруй хүнд даацын автомашин, 40 орчим үйлчилгээний байгууллага, 100 гаруй гэр, зөөврийн сууц  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа судалгааг гаргаж, сумын Засаг даргын албан мэдэгдлийг 2023 оны наймдугаар сарын 31-нээс 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрүүдэд 120 гаруй хүнд хүргүүлжээ.

 

Харин 2023 оны есдүгээр сарын 7-9-ний өдрийн хооронд 44 гэр, 2 зөөврийн сууцыг албадан буулгаж журмын хашаанд байршуулсан бол албан шаардлагын дагуу 40 гаруй иргэд газар чөлөөлөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллажээ.

 


Энэхүү ажлыг зохион байгуулснаар тухайн бүс нутагт үүсээд байгаа хог хаягдал, автомашин болон хүн амын хэт бөөгнөрлийг бууруулах эзэнгүй хур хог үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм. 

Related news