ЗАВХАН: Завханмандалын гэрэлт самбарууд байгалиа хайрлах эерэг мэдээллийг өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханмандал сум байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Тус сум ойдоо зориулж аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн 310 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 ажлыг хийжээ.
Эдгээрээс онцолбол сумынхаа төв зам дагуу гэрэлт самбаруудыг хийж байршуулжээ. Завханмандал сумын байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зураг бүхий 1.20х80 см харьцаатай нийт 10 ширхэг гэрэлт самбар.
Сумын төв рүү орох, гарах төв замынхаа эхэнд “Тавтай морил”, “Сайн яваарай” гэсэн үг бүхий 1.20х3 метрийн харьцаатай хоёр ширхэг самбар байршуулжээ. Түүнчлэн самбаруудын дэргэд тухалж амрах сандал, хогийн савуудыг ч байршуулсан байна.
Эдгээр гэрэлт самбаруудыг орон нутгийн хөгжлийн сангийн 29.9 сая төгрөгийн өртгөөр хийжээ. Өнгө үзэмжтэй тус самбарууд нь эрчим хүч бага зарцуулдаг лед гэрэлтэй бөгөөд гар утсаа цэнэглэж болох залгууртай аж.
Эдгээр зургууд нь байгалийн гэрэл зурагчин, Пүрэвхүүгийн Баатарзоригтын бүтээлүүд юм. Тэрбээр Засагт хан аймгийн Сэцэн сартуул хошууны төв нутаг, Завхан аймгийн ууган сумдын нэг Завханмандал сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 1000 гэрэл зураг бүхий “Мэлмий тольдох Завханмандал” нэртэй номыг бүтээсэн аж.
Гэрэлт самбарууд
нь сумын төвийн гудамж талбайд өнгө нэмсэн төдийгүй мэдээлэл өгч байна. Байгалийн гэрэл зураг нь хүнд танин
мэдэхүйн мэдээлэл өгөхөөс гадна амар амгалан тайвшралыг өгдөг.
Завханмандал нутгийн байгалийн үзэсгэлэнг хүн бүр хүрч очиж үзэж амжихгүй. Тиймээс энэ нутгийн байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн дурсгалт газруудыг дэргэд нь очоод үзсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн.
Байгалийн үзэсгэлэнт газрын
гэрэл зургийг харах бүрдээ газар нутгаа хайрлах, хамгаалах эерэг мэдээллийг хүн
бүрд өгөхийг хүссэн. Магадгүй Завханмандал сумыг зорьж ирэх дотоод, гадаадын
аялагчдын тоо ч нэмэгдэх юм гэж сумын ЗДТГ-ын Санхүү албаны дарга Р.Даваажанцан мэдээлэв.
Ташрамд, Завханмандал сум далайн түвшнээс дээш 1256-3266 м
өргөгдсөн, 3.6 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Говь хээрийн талархаг бүсэд оршдог. Сумын төв нь аймгийн төв,
Улиастайгаас 167 км, Улаанбаатар хотоос 1160 км зайд оршдог.