И Жэ Сын: Хуулийн амин сүнс нь хүний эрх, бас дахин хүний эрх

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-11 17:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайван” сан, Монголын Цагаачлах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтран Чэжүд болсон хэлмэгдүүлэлтийн талаар “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейд дэлгээд байгаа.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Чэжү 4.3 Энхтайван” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн профессор И Жэ Сынтай ярилцлаа.

-БНСУ-д хэлмэгдэгсдийн хэрэг явдалтай холбоотой хууль эрх зүйн орчныг хэр бүрдүүлсэн байдаг юм бол?

-БНСУ-д хуучин түүхийг дахин цэгцлэх, цагаатгалтай холбоотой хууль эрх зүйн орчныг нэлээн цэгцэлсэн байгаа. Цагаатгал, төрийн оролцоотой гэмт хэрэг, төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, зохицуулдаг эрх зүйн орчин маш сайн бүрдсэн. Дайны, оюутны хөдөлгөөний хохирогч, хилс болон тагнуулын хэргээр хохирогчтой холбоотой эрх зүйн орчин бүрдүүлсэн 20 гаруй хууль бий. Бид түүхийг үнэн зөвөөр цэгцлэх хүрээнд 120 жилийн өмнөх янз бүрийн үйл хэргийг дахин нягталж, үнэн зөвийг нь нягталж, шүүхээс буруутай эсэхийг нь тодорхойлж, цагаатган, нөхөн олговор олгож, нэр төрийг нь сэргээж, нийгмийг асуудлыг нь шийдэж өгдөг механизмтай. Энэ бүх архивын материалыг бэхжүүлэн хадгалж, хойч үедээ үлдээх, хамгаалахад маш их анхаардаг.


-Монгол Улсын 1937 оны үеийн хэлмэгдүүлэлт, БНСУ-ын “Чэжү 4.3” хэрэг явдал нь олон талаараа төстэйг “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дурдаж байсан. Дахин ийм хэлмэгдүүлэлт гаргахгүй байх нөхцөлийг хэрхэн хангадаг вэ?

рээдүйд хуучин түүхийг мартуулахгүй, дахин давтагдахаас сэргийлэхийн тулд улсаас төрийн бодлогоор соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, сургалтыг явуулдаг. Энэ бүхнээс онцгой нэг ажил бий. Тэр нь засаг солигдох бүрд өнгөрсөн түүхийг харах өнцөг өөрчлөгддөг. Зарим хэргийг хэрэгсэхгүй, заримыг нь заавал гаргаж ирж, нийтэд зарлан, үнэн зөвийг тогтоох ёстой гэдэг. Үүнтэй холбоотой хуулийг Дээд шүүх, бүх шатны шүүх, Үндсэн хуулийн цэц дээрээ энэ тухай ярилцаад, томоохон шүүх хурлууд болж, үнэнийг тогтоох үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх материалууд өнөөдрийн нийгэм болон ирээдүйд баримт болоод үлдэхээс гадна шууд сургалтын материалд ашигладаг. Ерөнхий боловсролын сургуулиас гадна их дээд сургуульд, ялангуяа хууль эрх зүйгээр дагнасан сургуулиудад бодитой сайхан материал болдог юм.


Монгол Улсад өөрсдийн бодит түүх, хэлмэгдүүлэлтийн талаар олон материал байдаг байх. Түүнийгээ ард иргэддээ бүрэн үзүүлдэг эсэхийг мэдэхгүй. Манай улсад төрийн бодлогоор бүгдийг нь нийтэд бүрэн дүүрэн, ил тод үзүүлдэг. Танай улсын хувьд өөрсдийн хэлмэгдүүлэлтийн болон нэн шинэ үеийн түүхийн материалуудаа бүгдийг нь судалгааны эргэлтэд оруулаад, судалгааны томоохон байгууллага, хүрээлэнтэй болж, материалуудыг ард иргэддээ ний нуугүй үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.


Бидний бас нэг жишээ бий. 1980 оны Гванжугийн бослогын үеэр хэлмэгдсэн хүмүүсийн түүхэн архивыг ЮНЕСКО-гийн дэлхийн түүхийн бичиг баримтын дурсгалд бүртгүүлсэн байдаг. Үүний нэг адилаар “Чэжү 4.3-ыг мөн ЮНЕСКО-гийн бичиг баримтын түүхэн дурсгалд удахгүй бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Монголчууд нэн шинэ үеийн, ялангуяа их хэлмэгдүүлэлтийн тухай түүхийн бүх материалаа ЮНЕСКО-д бүртгүүлэх нь зөв байхаа гэж бодож байна.


-Танай улс 120 жилийн өмнөх түүхээ дахин нягталж судлаад, хууль эрх зүйн орчноо сайжруулахаар 20 гаруй хуулийг баталсан гэлээ. Ер нь төрийн буруу шийдвэрээс болж хохирогсод, хэлмэгдүүлэлт, цагаатгал зэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд хамгийн гол анхаарах “амин сүнс нь юу байх ёстой вэ?

-Манай улсын хуульд 1990 он хүртэлх хэргийг хэрэгсэж авч үздэг. Ирээдүйн тухайд орчин үед төрийн гэмт хэрэг гэж юу вэ, хүний эрхийг яаж зөрчиж байгааг сайн ярих хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь хүний заяагдмал эрх юм. Төрийн оролцоотой би хохирсон гэж үзвэл түүнийхээ үнэн зөвийг тогтоолгож, хохирлыг нь барагдуулахыг ярих ёстой. Гол нь хүний эрх бас дахин хүний эрх гэдгийг л яриад байх хэрэгтэй. НҮБ-аас хохирогчийн эрхийг хамгаалах үндсэн зарчмыг 2005 онд баталсан. Тэгэхээр төрийн оролцоотой өөрийгөө хохирсон гэж байвал заавал үнэн зөвийг нягтлуулж, гэм буруугүйгээ тогтоолгох, нөхөн төлбөр авах ёстой гэдэг амин сүнс”-ийг урдаа бариад л явах хэрэгтэй, тэгвэл бүх зүйл болно. Тухайлбал, БНСУ-д хэрэгжиж буй дээрх 25 хуулиас нэлээдийг нь дахин шинэчлэн найруулж баталсан. Ард түмэн хүний эрхийг ярья гэвэл өөрсдөө тодорхой зорилго, санаа бодлоор хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн сайжруулдаг нь нийгмийн шаардлагаар бий болдог зарчимтай. 

Related news