Хөвсгөлийн аврагчдад завь бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛОрхон-Уул аймгийн харьяат усан аялал сонирхогч иргэн Ж.Энхбат, Ч.Дашням нар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гол мөрөн, нуурын усанд эрэн хайх аврах ажиллагаа явуулах зориулалт бүхий хийлдэг завь бэлэглэв.
Тус завь нь 16 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд ард иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байдаг аврагчдад гэнэтийн бэлэг болжээ. Эдгээр иргэд Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрөнд хийлдэг завиар хэд хэдэн удаа усан аялал амжилттай зохион байгуулж байжээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар усны гаралтай ослоос болж 4 хүүхэд 6 том хүн нийт 10 иргэн амь насаа алдсан байна. Усны гаралтай осол Мөрөн, Бүрэнтогтох, Хөвсгөл нуур, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад бүртгэгджээ.
Аврагчид болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон голууд болон Дэлгэрмөрөн голын эрэг дагуу батлагдсан маршрутаар ээлжээр эргүүлийг хийх, эрэн хайх, аврах ажиллагаанд цөөн тооны завьтай тул сонирхогчдын өгсөн завь чухал шаардлагатай хэрэгслийн нэг гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа