ЗАВХАН: Газар нутгийг тусгай хамгаалалтад авах нь олон талын ач холбогдолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-14 16:28:36

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг нийт газар нутгийнхаа 21.2 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.


Харин нийт газар нутгийнхаа 17.8 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. 2019 оноос хойш нийт 8 сумын 606.3 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар өнөөдрийн байдлаар аймгийн нийт газар нутгийнхаа 40 орчим хувийг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад аваад буй юм.


Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг 2030 он гэхэд тусгай хамгаалалтад авна. Харин өнөөдрийн байдлаар манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна.


Тусгай хамгаалалтад авсан газар нутгийнхаа зохистой менежментийг хөгжүүлснээр, экологийн тэнцвэрт байдлыг хангах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх. Ховор, нэн ховор амьтан, ургамал, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах,. Экосистемийн үйлчилгээ, үнэ цэн, иж бүрдлийг хамгаалж хүний амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой аж.


Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 24 сумаас хамгийн их газрыг орон нутгийн хамгаалалтад авсан сум нь Дөрвөлжин сум юм. Тус сум нийт 330114.17 га газрыг орон нутгийнхаа тусгай хамгаалалтад авчээ.

Улсын тусгай хамгаалалт, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлснээрээ байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон олон төрөл зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломжийг бүрдүүлж буй юм. 

Түүгээр ч барахгүй 19 сумын нутагт орших амьтан ургамлын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв

Related news