ЗАВХАН: Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн 9 төрийн байгууллага хөхүүл
эхэд ээлтэй ажлын байрыг бий болгожээ.
Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд
залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар, Шүүх, Орон нутгийн өмчит газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл
мэндийн газрууд байгууллага дээрээ эх, хүүхдэд ээлтэй ажлын байрыг бий
болгосон байна.
Эхчүүд ажлаа хийж
байх үеэрээ энэхүү өрөөнд хүүхдээ хөхүүлэх, асрах боломжтой төдийгүй, бага
насны хүүхдүүдээ хөгжүүлэхэд бүхий л бололцоог хангасан тохилог өрөөг байгууллагууд өөрсдийн нөөц боломжоор тохижуулж бий
болгосон байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн тухайд 2021-2025 онд аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр нэг зорилт, 9 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Ажлын байран дээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь зөвхөн
эх, хүүхэд төдийгүй хувийн хэвшил,
төрийн байгууллагад ч үр өгөөжтэй. Гэр бүлд ээлтэй бодлого
хэрэгжүүлснээр ажил эрхлэгч
эхчүүд, тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжигч байгууллага гэдгээрээ нэр
хүнд өснө.
Эхчүүдийн ажил таслалтыг 70 хүртэл хувиар бууруулж чадна. Эмэгтэй ажилтнууд ажил олгогчоос дэмжлэг авч байгаагаа мэдэрч, тогтвор суурьшилтай ажиллана. Ажилтнуудын халаа сэлгээ багасна, шинээр ажилтан авч сургах зардлыг хэмнэнэ.
Тиймээс хөхүүл эхчүүдэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг дэмжихийг
бодлого тогтоогчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд Эрүүл мэндийн яам,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран уриалжээ.
Жил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.
Эхийн сүү нь зөвхөн эх, хүүхдэд төдийгүй нийгэмдээ чухал үр өгөөжтэй. Эхийн сүү хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж, тархины хөгжлийг нь дэмжиж, хүүхэд болон эхийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулдаг.
Удаан хугацаагаар эхийн сүүгээр хооллосон хүүхдэд хэт таргалах эрсдэл бага байдаг.
Эхийн сүү хүүхдийн
амь насыг хамгаална, эрүүл мэндийг нь дэмжинэ, мөн тухайн нийгэмд эрүүл хүн ам,
ажиллах хүчнийг бий болгоход чухал үүрэгтэй аж.
Монголд 6 сар хүртэлх нялхсын дөнгөж 50 хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ийн хүрээнд дээрх тоог 70 хувьд хүргэх аж.
Ингэж буурах болсон нь гол төлөв хөхүүл эхчүүд эдийн засгийн
нөхцөл байдлаас болж эрт ажилдаа орох, эхийн сүүгээр хооллох боломж нөхцөл
ажлын байран дээр дутмаг байх зэрэг шалтгаантай.
Тиймээс ажлын байранд хөхүүл эхчүүдийг дэмжсэн бодлого
зайлшгүй хэрэгцээтэй байгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний
төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас онцолж
байна.