Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-22 10:09:09

БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хоёр төрлийн ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосноос хойш нэг сарын дараа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал шаардлагатай эдгээр элементийн экспорт наймдугаар сард бүрмөсөн зогсжээ. 


Европын Ховор металлын холбооны /CRMA/ мэдээллээр, Хятад улс дэлхий даяар хэрэглэж буй галлигийн 80 орчим хувь, германигийн 60 орчим хувийг дангаараа хангадаг байна. Гэтэл тус улс өнгөрсөн сард олон улсын зах зээлд эдгээр элементийг огт худалдаалаагүй гэдгийг лхагва гарагт танилцуулсан Хятадын гаалийн мэдээлэл харууллаа. Харин долоодугаар сард тус улс 5.15 тонн галли, 8.1 тонн германи экспортолжээ.


Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун өнгөрсөн сард экспорт зогссон талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, манай яам уг хоёр металлыг экспортлох хүсэлтийг компаниудаас хүлээн авсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр зарим хүсэлтийг зөвшөөрсөн гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.


Технологийн дайн ширүүсэж байгаа энэ цаг үед Хятад улс эдийн засгийнхаа өсөлтөд санаа зовниж байгаа хэдий ч АНУ-ын экспортын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авахыг эрмэлзэж буйг дээрх хязгаарлалт харуулж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад дотоодын эрэлт сул байгаагийн сацуу үл хөдлөх хөрөнгийн салбар хямралд ороод байгаа юм. Өнгөрсөн сард тус улсын экспорт сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хамгийн ихээр буурсан нь удаашралтай байгаа эдийн засгийн сэргэлтэд дахин нэг цохилт болжээ.


Экспортыг хязгаарлах нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээ тус улсаас дайжих явцыг хурдасгаж болзошгүй “хоёр талдаа иртэй сэлэм” хэмээн шинжээчид үзэж байна. Хятад улс дээрх хоёр металлын олборлолтоор тэргүүлж байж болох хэдий ч өөр бусад үйлдвэрлэгчид байгаа ба уг хоёр металлыг орлуулах боломжтой гэдгийг “Eurasia Group фирмийн шинжээчид долоодугаар сард хийсэн судалгааны тайландаа бичжээ.


Экспорт зогссон нь дотоодод хэдийнээ мэдрэгдэж эхэлсэн бөгөөд их хэмжээний нөөц хуримтлагдсан тул Хятадад галлигийн үнэ буурсан байна. Пүрэв гарагт галлигийн спот хэлцлийн үнэ тонн тутамдаа 1900 юань буюу 260 ам.доллар болсон нь долоодугаар сарын эхэн үеийнхээс бараг 20 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Шанхайн металлын бирж мэдээлжээ. Харин германигийн спот хэлцлийн үнэ нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор бага зэрэг өсөж, пүрэв гарагт тонн нь 10 050 юань буюу 1376 ам.долларт хүрсэн байна.



Related news