ДАРХАН-УУЛ: “Соёлын сэргэлт-2023” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тус аян өнөөдөр Дархан-Уул аймагт “Кинонд ээлтэй хот” уриан дор нээлтээ хийлээ.
Аймаг, орон нутгийн зүгээс кинонд ээлтэй хотын хүрээнд болон соёл, урлагийн бүх чиглэлд салбар яам, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг дарга Б.Азжаргал нээлтийн үгэндээ онцлон бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг кино, дуу дүрсний урлагийг Дархан хотод хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжихээр шийдвэрлэсэн нь уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг нээх, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцлов.
Аяны нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал аймгийн СУГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ болон орон нутгийн бусад удирдлагууд, Дарханаас төрсөн соёл, урлагийн салбарын гавьяатууд, иргэд өргөнөөр оролцож байна.
Нээлтийн ёслолыг МУГЖ, МҮОНТ-ийн хөтлөгч Б.Гантигмаа, Залуучууд театрын жүжигчин Ц.Бүрэнзаяа нар хөтөлж, МУГЖ, дуучин Б.Сарантуяа ая дуугаа өргөлөө. Мөн Монголдоо анхдагч хувийн гэх тодотголтой "Анир" поп оркестр хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа.
Хүндэтгэлийн тоглолт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэг нь хүүхэлдэйн киноны хөгжмийн цоморлогоос бүрджээ. Киног хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд зарим тохиолдолд үйл явдлын илэрхийллийг хөгжмөөр дамжуулан хүргэх ч тохиолдол байдаг гэж уран бүтээлчид онцолж байлаа.
Тоглолтын хоёрдугаар хэсэг холливудын алдартай уран сайхны киноны хөгжмөөр үргэлжиллээ. Харин төгсгөлийн хэсэгт Монголын алтан үеийн болон орчин үеийн уран сайхны киноны сэтгэлд хоногшсон хөгжмийг толилууллаа.