БАЯН-ӨЛГИЙ: Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-27 11:38:17

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавылын урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цогжилоор ахлуулсан ажлын баг энэ сарын 27-ны өдөр тус аймагт ажиллалаа.


Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг даргын орлогч Х.Арман нар хүлээн авч уулзаж, Өлгий, Эрээн хотын хооронд нөхөрсөг харилцаа тогтоох, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Уулзалтад БНХАУ-ын талаас Эрээн хотын Гадаад харилцааны албаны дарга Мөнх, Бодлого, судалгааны хэлтсийн дарга Жан Иү Чүн, "Хо Ган" хүнсний ногооны аж ахуйн захирал Зо Лүн, "Алтан хүлэг" компанийн захирал Давшилт нарын төлөөлөгчид оролцов.


Баян-Өлгий аймгийн иргэд, бизнес эрхлэгчид Эрээн хотод олноор очиж, худалдаа наймаа хийдэг. Тиймээс БНХАУ-ын Эрээн хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, мах болон махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргахад Эрээн хотын талаас дэмжлэг үзүүлэх, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засаг, боловсролын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийлэв.


Харин БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид дээрх санаачилгуудын дэмжин ажиллахаа мэдэгдлээ.  


Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, БНХАУ-ын Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цогжил нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Уг санамж бичигт:

- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих;

- Аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд холбоо тогтоох, мал аж ахуйн түүхий эд, мах, дайвар бүтээгдэхүүнүүдийг бүрэн болон хагас боловсруулж экспортлох боломжуудыг судлах, харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх;   

- Соёл, спортын салбарын хамтын ажиллагааг дэмжих;

- Аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих;

- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн туршлагыг судлах, хамтран ажиллахаар тусгасан байна.

 




Related news