ӨМНӨГОВЬ: Уул уурхайн компаниудад 400 гаруй ажлын байр зарлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-27 17:40:33

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

 

Тус уулзалтаар уул уурхайн компаниуд сум орон нутгийн иргэдээс хүний нөөцийн бүрдүүлэлтээ хангалттай хэмжээнд авч байгаа талаарх мэдээллийг сонсож, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллуулж мэргэшүүлэх, мэдлэг мэдээлэл олгох сургалт, хөгжлийн ажлуудыг эрчимжүүлэх  хэрэгтэй байгаа талаар ярилцаж санал солилцлоо.


 

Уулзалтыг 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гэрээт болон туслан гүйцэтгэгч зургаан компани, Энержи Ресурс ХХК-ийн гэрээт, туслан гүйцэтгэгч найман компанийн удирдлага, хүний нөөцийн менежер, ажилтнууд зэрэг 50 гаруй хүн оролцжээ.

 

Одоогийн байдлаар дээрх компанийн уурхайнуудад 8000 гаруй уурхайчин ажиллаж байгаа бол 400 гаруй ажлын сул орон тоо зарлагдсан байна.

 

Цогтцэций сумын ЗДТГ-аас уул уурхайд ажиллах сонирхолтой 104 иргэнээс авсан судалгааны үр дүнг танилцуулан, ажилд орох хүсэлтэй иргэдийг мэргэжил эзэмшихэд нь дэмжих, ажлын байранд зуучлах, компаниудаас сар бүр хүний нөөцийн тайлан мэдээг авч ажил хайгч иргэдийн мэдээллийг Хөдөлмөрийн асуудал хариуцсан нэгж дээр төвлөрүүлэн ажилд зуучлах үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах төлөвлөгөө зорилтоо танилцуулжээ.



 

Харин уул уурхайн компаниуд гаднаас ажилтан авч орон нутагт суурьшуулахад орон байрны асуудал үүсэх, шилжилт хөдөлгөөн нэмэгдэх зэрэг бэрхшээлүүд гардаг тул тухайн бүс нутгаас ажилтан авах чиглэлийг баримталж байгаа хэдий ч шаардлага хангах мэргэжилтэн хомс байдаг. Энэ нь бэрхшээлтэй байдаг талаар мэргэжилтнүүд онцолсон байна. Тиймээс цаашид уул уурхайн нарийн мэргэжлийг ЕБС-ийн сурагчдад таниулах, хэрэгцээтэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргаж зарлах, мэргэжил сонголтод нь нөлөөлөх, Уул уурхайн ажил олгогч, ажил сонирхогч, төрийн байгууллагыг хамруулсан нэгдсэн мэдээллийн сүлжээтэй болох зэрэг бүтээлч саналуудыг тэд гаргажээ. 

Related news