ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 381 өрхийн 146,2 мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-28 12:36:55

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд намаржилт тааруу байгаатай холбоотойгоор хөрш зэргэлдээ дөрвөн аймгийн нутагт малчид оторлож байна.

 

Тодруулбал, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай зэрэг дөрвөн аймгийн нутагт 2023 оны есдүгээр сарын байдлаар 381 өрхийн 146,2 мянган толгой мал байгаа бөгөөд Баянхонгор аймагт 253 өрхийн 54,5 мянган толгой мал, Дундговь аймагт 49 өрхийн 42,5 мянган толгой мал, Дорноговь аймагт 44 өрхийн 26,8 мянган толгой мал, Өвөрхангай аймагт 34 өрхийн 22,3 мянган толгой мал оторлож байгаа талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Цаашид оторлон нүүх малчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

 

Өмнөговь аймгийн ЗДТГ болон ХХААГ-аас хамтарсан ажлын баг байгуулан хил залгаа Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн удирдлагуудтай отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 2023-2024 оны өвөл, хаврын улиралд хамтран ажиллаж, малчдад туслах зорилгоор уулзалт хийхээр төлөвлөөд байна.

 

Аймгийн хэмжээнд зуншлага, намаржилт муу, бэлчээрийн ургамал 80 гаруй хувьд ургаагүй тул Гурвантэс сумын малчид хамгийн их отор нүүдэлтэй байгаа бөгөөд 253 өрх оторлож байгаа бол Ханбогд сумын хувьд 42 өрх, Булган сумын 24 өрх оторт нүүжээ. 

Related news