СҮХБААТАР: "Хаалга бүрд мэдлэг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-09-29 14:06:52

Сүхбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдэд боловсрол олгох зорилго бүхий "Хаалга бүрд мэдлэг" төслийг Баруун-Урт сумын Мандарваа цэцэрлэгийн багш нар хэрэгжүүлж байна.  


Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин өрх болон тэдний хүүхдүүдэд чиглэсэн энэхүү төсөл нь хэрэгжээд удаагүй ч үр дүнгээ өгөөд эхэлжээ.


Багш нарын хамтарсан баг цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүдээс гадна малчин залуу гэр бүлүүдэд мөн эрүүл мэндийн болон бусад чиглэлээр мэдлэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж буй аж. Тодруулбал ганц хүүхэд биш гэр бүлийн гишүүдийг бүгдийг хамруулж төслөө хэрэгжүүлж байгаа нь онцлог. Одоогоор 22 өрхийн 25 хүүхдэд төслөөр дамжуулан боловсрол олгож байна.


Төсөл эхэлснээс хойш давхардсан тоогоор 30 хүүхдэд хүрч ажиллаад байна. Сургалтын дөрвөн чиглэлээр боловсрол олгож, давхар эрүүл мэндийн боловсрол олгохын зэрэгцээ үзлэг оношилгоо, витаминжуулалтад ч хамруулж байна. Мөн томуугийн шинж тэмдэгтэй хүүхдүүдэд газар дээр нь уурын аппаратын эмчилгээ, бусад тусламжийг үзүүлдэг. Ер нь төслийн үйл ажиллагааг хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд маш сайшаан хүлээн авч байгаа. Учир нь бидний бүх үйл ажиллагаа амьдралд нь хамгийн ойр бөгөөд дутагдаж буй асуудал байдаг юм байна гэж төслийн багийн зөвлөх гишүүн Ч.Үүрийнтуяа хэллээ.


Төслийг хэрэгжүүлэгчид Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ГБХЗХГ, Шинэ сэргэлтийн бодлого хурдасгуур төв хамтран зарласан "Шинэ сэргэлт Nexgen 2022" төслийн уралдаанд хамрагдан 20 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Ирэх 11 дүгээр сард төслөө бүрэн хэрэгжүүлж дуусаад хамгаална. Үр дүн сайн байвал санхүүжүүлэгчдийн зүгээс тус төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж.

 

Related news