ДАРХАН-УУЛ: ХАА-н техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-30 00:53:08

Дархан, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллалаа.


Тэрбээр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн орон нутагт хэрхэн өрнөж байгаа талаар танилцаж, газар тариалангийн салбарынхантай уулзалт хийж санал солилцлоо.




Үндэсний хөдөлгөөн өрнөөд нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ удаагийн айлчлал нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт, арилжааны арван банкаар дамжуулан олгож буй хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг тариаланчдад хэрхэн хүрч буйг тариалан эрхлэгчдээс сонсож байна.




Энэ хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн техник, тоног, төхөөрөмж худалдаалдаг дилер компаниуд, тэдний харилцагчидтай уулзлаа.




Аймгийн хэмжээнд ХАА­­-н техникийн худалдаа эрхэлдэг дөрвөн дилер байдаг. Эдгээр дөрвөн дилер ОХУ, БНХАУ, Канад, АНУ-аас техник, тоног төхөөрөмж оруулж ирдэг аж. Тариаланчдад аль болох хөнгөлөлттэй, үнийн дарамт үүсгэхгүй байх талаар хичээн ажилладаг боловч хүнсний хувьсгалын хүрээнд олгогдож буй зургаан хувийн хүүтэй зээлд дилер компаниудын тоног, төхөөрөмж, техникүүд хамрагддаггүй, арилжааны банкнаас зээл авч нийлүүлдэг тул өндөр өртөгтэй байдаг ажээ. Энэ нь тариалан эрхлэгчдэд хүндээр тусдаг, техник тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй борлуулагддаг аж.




Дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадвал дилер компаниас тариаланчдад нийлүүлж буй техникүүдийн үнэ буух боломжтой. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэж өгөх саналыг тэд тавилаа.





Уг асуудлыг шийдвэрлэх боломжтойг ХХААХҮ-ийн сайд дурдаж, Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлд дилер компаниудыг хамруулахаар болсон гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдээлэв.




Тариаланчид хэдийчинээ их зардал гаргана төдийчинээ бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тиймээс иргэдэд үнийн дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа техник, тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авч чадвал дотоодын баялаг бүтээгчид хүнсний хувьсгал хөдөлгөөний эзэд нь байж үнийн хөөрөгдлийг тогтоох боломжтой гэж дилер компани болон тариалан эрхлэгчдийн төлөөлөл онцолж байлаа.




Аймгийн хэмжээнд 277 ААН 61.5 тэрбум төгрөгийн зээлд хамрагдаж, ногооны урамшуулалд 265 ААН, иргэн 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.

Цаашид зээлийн батлан даалтын тал дээр илүү уян хатан бодлого хэрэгжүүлж, тариаланчдад тулгамдсан асуудалд анхаарч дэмжиж ажиллахыг хүслээ.




Ташрамд, дөрвөн дилер компанийн сүүлийн хоёр жилийн хугацаанд улаан буудай хураагч комбайн 60 гаруй, 220 морины хүчин чадалтай 120 тракторыг тариаланчдад нийлүүлж, худалдан борлуулсан аж.

 

Related news