Нобелийн долоо хоног эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-02 13:24:30

СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 2 /TASS/. Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад төрөлд шагналын эздийг зарлана.


Аравдугаар сарын 3-нд буюу мягмар гарагт физикийн салбар, лхагва гарагт химийн, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хороод шийдвэрээ зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтныг тодруулна. 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 9-ний өдөр тодорно.


Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болох Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ. Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо нь байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урих эрхтэй. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна. 


Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй билээ.


Харин Шведийн шинжээчид энэ оны физиологи, анагаах ухааны салбарын шагналыг инвазив бус пренатал илрүүлэг шинжилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан Хонконгийн молекулын биологич Деннис Ло хүртэх магадлалтай гэж таамаглаж байна. Түүнчлэн Америкийн эрдэмтэн Мэри-Клэр Кингийг нэрлэж байгаа бөгөөд тэрбээр хөхний хорт хавдрын удамшлын "BRCA1" генийг нээсэн юм.


Америкийн "Clarivate Analytics" компанийн шинжээчид нэр нь дурдагдсан эрдэмтдийн жагсаалтдаа үндэслэн хэн шагнал авахыг урьдчилан таамагласаар иржээ. Уг жагсаалтад тухайлбал, тодорхой рецептор бүхий Т-лимфоцитийг гаргаж авах арга буюу CAR-T аргыг боловсруулсан Америкийн эрдэмтэн Стивен Розенберг, Мишель Садлен нар багтжээ. Тэд "хорт хавдрын эмчилгээнд химерик эсрэгтөрөгч рецептор бүхий Т-эсийн эмчилгээний чиглэлээр хийсэн судалгааныхаа төлөө" энэ шагналыг хүртэж магадгүй байна. Уг аргыг хавдар судлаачид хэдийнэ хэрэглэж байгаа бөгөөд анагаах ухааны бусад салбарт ч хэрэглэх боломжтой юм.


“Clarivate”-ийн шинжээчид мөн Америкийн судлаач Роб Найтыг "хүний биеийн нарийн төвөгтэй бичил биетний тогтолцоог илрүүлсэн тооцоолол, туршилт судалгааны ажлаараа" шагнал хүртэх магадлалтай хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Түүнчлэн нойр судлаач Эммануэл Миньо, мөн Клиффорд Сэйпер, Янагисава Масаши нар "унтах, сэрэх мөчлөгийн генетик ба физиологийн судалгаа, нарколепси үүсэхэд оролцдог нойрны чухал зохицуулагч болох гипокретин ба орексиныг нээснийхээ төлөө" физиологи, анагаах ухааны салбарын шагналтнаар тодорч магадгүй гэж үзэж байна. Энэ салбар дахь өнгөрсөн оны Нобелийн шагналыг Шведийн биологич Сванте Паабо "устаж үгүй болсон гоминидын ген ба хүний хувьслын талаар хийсэн нээлтүүдээрээ" хүртсэн билээ. 


1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 113 удаа олгож, 225 хүн хүртсэний 12 нь эмэгтэйчүүд байв. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад нь болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.



Related news