СҮХБААТАР: Хамгаалах байрны ажилтай танилцаж, туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-06 11:32:59

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн 34 албан хаагч Сүхбаатар аймгийн хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Тус хамгаалах байр нь 2023 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 40 хохирогчийг хүлээн авчээ.


Хамгаалах байр нь үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч байрны тохижилт, үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт зэргээр улсын хэжмээнд жишиг болохуйц байна гэж туршлага судлах багийнхан үнэлжээ. Тус байранд нийт 50 орчим сая төгрөгийн тавилга тоног төхөөрөмж, тохижилтын ажил хийгджээ. Найман хүний орон тоотой ч одоогоор зургаан хүн хамгаалах байранд ажиллаж байна. 

Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн 256 сая төгрөгийн санхүүжилтээр тус аймагт 2021 оны наймдугаар сард хамгаалах байрыг ашиглалтад оруулсан. Байгуулагдсан цагаасаа хойш хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, зөвлөн туслах, сургалт сурталчилгаанд хамруулах зэрэг үндсэн үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна.

Related news