СҮХБААТАР: Гурван сум цахилгааны найдвартай эх үүсвэртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-10 12:08:33

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Онгон суманд байрлах цахилгаан дамжуулах 35/15кВ 1000кВа трансформаторт энэ оны 5,7 дугаар сард хоёр удаа гэмтэл гарч, цаашид ашиглах боломжгүй болжээ. Тус эх үүсвэрээс Наран, Дарьганга сум цахилгаанаа авдаг. Тиймээс даруй өргөтгөх шаардлага үүсжээ.


Нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг нэн тэргүүнд уг асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.


Хуучин хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлж 2000 кВа шинэ трансформаторыг худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ингэснээр тус аймгийн гурван сумын иргэд цахилгааны найдвартай эх үүсвэртэй болох юм.


Онгон суманд өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгөөр төвлөрсөн халаалтын зуухаа бүрэн шинэчилж, 30 гаруй аж ахуйн нэгж, айл өрхийг дулаанаар хангаж эхэлжээ. Цаашид хэрэглэгчдээ нэмэх боломжтой аж.

Related news