ЗАВХАН: Ч.Должинсүрэн: Эрүүл бус шийдвэр гаргах нь сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаа унаж буйн дохио юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-10 15:56:36

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 10-ний өдрийг дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.


Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал болох талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн кабинетын эмч Ч.Должинсүрэнгээс тодрууллаа.


-Сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал юм бэ гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Дэлхий дахинаа дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас онцолжээ. Харин Эрүүл мэндийн яамнаас хүн бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэн, анхаарах шаардлагатай гэж мэдээлж байна. 


Өнөөдөр дэлхий дахинд ойролцоогоор 1 тэрбум хүн сэтгэцийн эмгэгтэй бөгөөд хэн ч, хаана ч эдгээр эмгэгээр өвдөж болно.

Мөн дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгддэг. Ажлын хэт ачааллаас үүдэлтэй мэдрэлийн ядаргаа, уй гашуу тохиолдсоноос сэтгэл гутралд ордог байна.  


Хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байдаг. Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна. 15-29 насныхны нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна гээд статистик баримтуудаас үзэхэд сэтгэцийн эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг та мэдэж болно. 


Өнөөдөр нийгэм хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр янз бүрийн шалтгаанаас болж иргэд их стресст орж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндээ хүн бүр хамгаалах хэрэгтэйг сануулж байна. Сэтгэл зүйн асуудлууд хэнийг ч ялгаварладаггүй.


Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд эерэг байх нь чухал, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах нь чухал юм.


Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зөвхөн сэтгэл зүйн асуудалгүй, өвчингүй байхын нэр биш юм. Өөрөөр хэлбэл гэр бүл, дотнын хүмүүстэйгээ эерэг, айдасгүй харилцаа үүсгэж чаддаг. Ажлаа бүтээмжтэй хийж, эргэн тойрондоо хувь нэмэр оруулж чаддаг. Өөртөө итгэлтэй, бусадтай тухтай харилцаж чаддаг.


Өдөр тутмын амьдралын стресс, гэнэтийн асуудлыг зохицуулж, тайвнаар шийдэж чаддаг. Утга учиртай, урт настай зорилготой, хөгжих сэдэлтэй. Өөртөө болон амьдралдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх тухай юм. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд хамгийн чухал болоод буй юм.


 

-Завхан аймагт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон, хяналтад байдаг өвчтнүүд хэр байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт онош нь батлагдсан болон идэвхтэй хяналтад байдаг сэтгэцийн өвчтэй 780 орчим иргэн байна. Эдгээр иргэд явцын үзлэг оношилгоо эмчилгээндээ тогтмол хамрагддаг.

Төрөөс сэтгэцийн эмгэгтэй өвчтний эмчилгээ, үйлчилгээ, эмийг үнэ төлбөргүй болгосон байгаа. Шаардлагатай тохиолдолд эдгээр өвчтнүүдэд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлж байна.


Түүнчлэн иргэдэд болон ялангуяа өсвөр насны хүүхэд залуучуудад стрессээ тайланх энгийн аргуудаас зөөж өгөх. Энэ талын мэдлэг мэдээлэл өгөх сургалт, сурталчилгааны ажлуудыг бид хүүхдийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулж байна. 


-Аймагт сэтгэцийн эмч нарын орон тоо дутагдалтай гэж сонссон?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн кабинет нь 12 ортой, сэтгэцийн мэргэжлийн нэг эмчтэй, нэг сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. Нэг эмч маань амбулатори, тасаг хоёрынхоо дунд ачаалал ихтэй ажилладаг. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч дутагдалтай байгаа.


-Энэ жилийн уриа сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд хүргэнэ гэжээ. Иргэдэд ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Бид өдөр бүр сэтгэцийн эрүүл мэндтэй тулгардаг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг, үг, үйлдэл гээд эерэг байх ёстой үйлдлүүдээс аль нэг нь дутагдаж буй үед ихэнхдээ сэтгэл зүйн шалтгаантай байх хандлагатай байдаг юм. Өнгөрсөнд шийдвэрлээгүй орхисон асуудал, айдас гэмтэл, бодлын алдаа буюу буруу итгэл үнэмшил, илэрхийлээгүй сэтгэл хөдлөл гээд олон зүйлс бидний сэтгэл зүйг ядрааснаас амархан стресстэх, цухалдах, эрч хүчгүй болдог. 


Хүнд итгэхэд хэцүү байх эсвэл өөртөө итгэлгүй болох, таагүй бодлуудад автах, эрүүл бус шийдвэр гаргах гээд олон асуудал үүсэж болно. Эдгээр нь сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаа унаж буйн дохио юм.


Хэрвээ үүнд анхаарахгүй байсаар хүндэрвэл сэтгэцийн эмгэг ч болох эрсдэлтэй юм. Тиймээс стрессээ тайлах энгийн дасгалуудыг байнга хийх нь чухал юм. Мөн сайн унтаж амрах, Ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэнд эерэг байх юм бол бид стресс, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулдаг. Нийгмийн сайн харилцаатай байна шүү дээ.


-Та дахин давтан нойр чухал гэдгийг зөвлөж байна?

-Тийм ээ. Нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлж байгаа өвчтнүүдийн ихэнх нь нойр дутуу, байнга толгой өвддөг гэсэн зовууриудыг хэлдэг. Тиймээс амралт, ажлаа зохицуулах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Ажлаа зөв хуваарилах, ухаалгаар бухимдлаа тайлах гээд стресс тайлах энгийн аргуудыг өдөр тутамдаа хийж хэвшихийг л иргэдэд зөвлөдөг юм.


Ер нь сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг. Жишээлбэл стресс, түгшүүртэй удаан явах нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, ой тогтоолтын асуудал гээд олон эрсдэлийг үүсгэдэг.


Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь биеийн эрүүл мэнддээ анхаарахтай ижилхэн чухал зүйл юм гэж дахин хэлмээр байна.

-Танд баярлалаа.

Related news