ГОВЬ-АЛТАЙ: Хөхтөн болон ангууч амьтдыг тандан судлахаар автомат камер байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-13 12:03:14

Есөнбулаг,  2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас Хөх Төмөртийн нуруунд хээрийн судалгааны ажил хийжээ.


Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн УТХГН нь Төв Азийн хэт гандуу цөлийн ерөнхий хэв шинжийг агуулах бөгөөд энд амьдрах зэрлэг амьтдын хувьд цаг агаарын эрс тэс хатуу ширүүн нөхцөлд, усны хүрэлцээ хангамж муутай экстрем орчинд дасан зохицож өнөөг хүртэл амьдарч ирснээрээ онцлогтой. Ихэнх хөхтөн амьтдын хувьд томоохон нурууд болон уулсын системийг шүтэж амьдрах бөгөөд тэдгээрийн хооронд шилжилт хөдөлгөөн хийдэг.


Хөх төмөртийн нуруу нь Цагаан Богд уулын зүүнээс салбарлан, баруун тийш Шар хулсны нуруу хүртэл сунаж тогтсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий уулсын систем юм. Тийм учраас эдгээр томоохон нурууд, уулын системүүдийг хооронд нь холбож өгдөг холбоос (коридор) нутаг гэдгээрээ өвөрмөц онцлогтой.


Энэхүү нуруунд өмнө нь биологийн судалгааны ажил хийгдэж байгаагүй бөгөөд уст цэг, баянбүрд байдаг эсэх талаар мэдээлэлгүй мөн ямар ямар амьтад нутагладаг, үүгээр дайрч шилжилт хөдөлгөөн хийдэг эсэх талаар мэдээлэл хомс байсан аж.


Хээрийн судалгааны явцад хэд хэдэн газруудад мазаалай баавгайн ул мөрийг илрүүлэн шинээр хоёр уст цэгийг олж, хавар болон намрын улиралд шүүрлийн ус гардаг байх магадлалтай хоёр газрыг нэмж тэмдэглэв. Мөн том хөхтөн болон ангууч амьтдыг тандан судлах зорилгоор 20 байршилд автомат камеруудыг байршуулсан тухай Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.

Хээрийн судалгааны ажлыг MongoliAid International Inc байгууллагын хамт олон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллажээ.

Related news