ЗАВХАН: Суманд очиж ажилласнаар аливаа өвчнийг эрт илрүүлж оношилж урьдчилан сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-18 16:27:56

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвийн эмч нарын баг хөдөөгийн сумдад очиж ажиллан 940 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэжээ.


Тодруулбал, аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Чадварлаг эмч” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Одчим наран эмнэлгийн эмч нарын баг Отгон, Цагаанчулуут суманд ажиллалаа.


Энэ үеэр 942 иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж, шаардлагатай иргэдийг гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөөг өгсөн байна. Мөн үеэр иргэдэд дотор, эх барих эмэгтэйчүүд, дүрс оношилгооны эмчийн үзлэг, оношилгоо, цээжний рентген болон лабораторийн шинжилгээг газар дээр нь хийж үйлчилгээ үзүүлсэн юм.


Эмч эмнэлгийн ажилтнууд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ тухайн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл зөвлөгөөг өгдөг.


Тэгвэл дээрх хоёр сумд ажилласан эмч нарын баг давхардсан тоогоор 1070 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөөг өгсөн байна.


Харин тухайн сумын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоо болон зарим өвчний тандалт судалгаа, оношилгоог хэрхэн хийх талаарх мэдээллийг өгч сургалт зохион байгуулсан байна.


Дээрх эрүүл мэндийн үзлэгээр анхан шатны үзлэг болоод рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхогоор дотор эрхтнүүдийг нэг бүрчлэн үзэх. Эмэгтэйчүүдийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, чихрийн шижин тодорхойлох, лабораторийн шинжилгээ, арьс харшил, хүүхдийн үзлэг гэх мэт олон үйлчилгээг нэг дор хийсэн нь иргэдэд таалагдаж байсан юм.


Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг суманд хийсэн болохоор ам сайтай, дээр нь хамрагдалт ихтэй байлаа. Ялангуяа тухайн сумдын алслагдсан багийн айл өрхүүд ч үзлэг шинжилгээндээ хамрагдсан байна.


Ийнхүү сумын иргэд аймгийн төв рүү цаг хугацаа алдаж, санхүү мөнгө үрэх шаардлагагүйгээр сумандаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломж олгосонд олон иргэн талархаж байсан юм.


Түүнчлэн суманд очиж нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийснээр аливаа өвчнийг эрт илрүүлэх, эрт оношилж, урьдчилан сэргийлнэ. Иргэдэд эрүүл мэндийн талын мэдлэг мэдээлэл өгч буй энэ үйл ажиллагаа нь чадварлаг эмч хөтөлбөрийн нэг гол зорилго юм гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

 

Related news