ДАРХАН-УУЛ: Хоёр иргэнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-19 13:39:18

Дархан, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан хотын түүхт 62 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулсан иргэдийг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.




Дархан хотын иргэдийг унд, ахуйн цэвэр усаар тасралтгүй хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэхэд инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг бүрэн хангах, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах эрхэм зорилгыг хэрэгжүүлэн идэвх санаачилгатай, мэргэжлээрээ 32 жил тасралтгүй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан Дашнямын Базарбизьяаг Хүндэт дэвтэр”-ийн 188 дахь иргэнээр бичиж алдаршууллаа.




Мөн Дархан-Уул аймгийн төр, нийгмийн салбар болох төрийн захиргаа, боловсрол, соёл урлаг, залуучуудын байгууллага, улс төрийн нам олон нийтийн байгууллагад 38 жил удирдах албан тушаалд ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан Ренчиний Батжаргалыг Хүндэт дэвтэр”-ийн 189 дэх иргэнээр бичиж алдрыг нь мөнхөллөө.




“Хүндэт дэвтэр”-ийг анх 1962 онд буюу Дархан хот байгуулагдсаны дараа жил нээсэн түүхтэй аж. Хамгийн эхэнд Хөдөлмөрийн баатар, саальчин Д.Тамжидыг анхлан бичиж алдаршуулж байжээ. Уг дэвтэрт тухайн үеийн Дархан хотыг бүтээн байгуулахад гар бие оролцож хүчин зүтгэсэн Чех, Польш, Унгар, Герман, ОХУ, Болгар зэрэг улсын иргэд ч байдаг аж.

 

Related news