ЗАВХАН: Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс дөнгөж 14 хувь нь эрүүл шүдтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-23 16:48:03

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд эрүүл шүд үйл ажиллагааг явуулж 500 гаруй хүүхдэд шүдний үзлэг оношилгоог хийжээ.


Үйл ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн 502 хүүхдэд шүдний үзлэг, оношилгоог хийж зөвлөгөө өгчээ.


Мөн үеэр эцэг эхийн төлөөлөл, багш, суралцагч 700 гаруй хүнд шүдийг зөв угаах дадлага сургалтыг хийлээ. “Шүдээ хэрхэн зөв угааж сурсан бэ” сэдвийн хүрээнд хүүхэд эцэг эхчүүдийг таван өртөөнд хувааж тэмцээн зохион байгуулж, тэргүүлсэн багууд болон эцэг эхчүүдийг шагнаж урамшуулсан байна. Түүнчлэн оролцогч хүүхэд бүрд хичээлийн хэрэглэгдэхүүнийг олгожээ.


Үзлэгийн дүнгээр 386 буюу нийт хүүхдийн 85,3 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна.

Харин 66 буюу 14,7 хувь нь эрүүл шүдтэй хүүхэд байна. Хүүхдүүдийн тав орчим хувь нь төрөлхийн зуултын гажигтай байсан бол 96 хүүхэд хэл болон уруулын хөвч богино гэсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарсан байна.


Ер нь аймгийн хэмжээнд өсвөр насны нийт хүүхдийн 80 гаруй хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна гэсэн судалгаа 2022 онд гарсан байдаг.

Энэ үйл ажиллагааны онцлог нь зорилтот бүлгээ зөв тодорхойлж үр дүнтэй үзлэгийг хийж чадсан. Өөрөөр хэлбэл 6, 7 настай сүүн шүдтэйгээ байгаа хүүхдүүдийг эрт үзэж, оношилж, зөвлөгөө өгч, эцэг эхчүүдтэй нь хамтарсан үйл ажиллагааг явуулж чадсан нь онцлогтой.


Хүүхдийг сүүн шүдтэй байх үед нь шүдээ угаах болон арчлах зөв дадалд сургаж, оношлох нь насан туршийн эрүүл шүдтэй байх боломжийг нь өгч буй хэрэг юм.


Энэ удаагийн үзлэгээр хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчнөөс гадна шүдний гажиг өндөр хувьтай оношлогдож байгаа нь харамсалтай юм.


Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт шүдний эмч байгаа ч гэлээ гажиг заслаар мэргэшсэн эмч дутагдалтай байна.


Тиймээс орон нутагтаа шүдний гажгийг оношилж, эмчлэх боломжоор хангахын тулд шүдний эмч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэх, чадвартай болгох, техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлгатай байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяа мэдээлэв.


Ташрамд дээрх үйл ажиллагааг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Даваахүү санаачлан зохион байгуулсан аж. 

Related news