ЗАВХАН: Өөрийгөө асран хамгаалахыг даалгуулахаар шүүхэд хандсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-23 17:07:31

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гарган, шийдвэрлэсэн хэргүүдийн талаар цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд хууль, хуулийн хариуцлагын талаарх мэдээллийг нээлттэй өгдөг.


Тодруулбал, сар бүр Эрүүгийн хэргийн нэгээс гурван хэрэгт шийдвэрлэсэн байдлаа олон нийтэд хураангуй байдлаар, иргэдэд ойлгомжтой тоймлон мэдээлж байна.


Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4,12.5, 22 дугаар зүйлийн 22.10-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн шүүгч шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар олон нийтэд мэдээлнэ гэж заажээ.


Тухайлбал, “нэхэмжлэгч С /69 настай/ цусны даралт ихсэх өвчнөөр өвдөн, цус харваж биеийн эрүүл мэндийн байдал хүндэрч, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй буюу байнгын асаргаа шаардлагатай болсон тул өөрийн төрүүлсэн 6 хүүхдээр өөрийгөө асран хамгаалахыг даалгуулахаар шүүхэд хандсан байна.

 

Охин “Г” би ээжийгээ өмнө нь олон жил харж байсан, хүү “Б” би ээжийгээ Улаанбаатар хотод л харж хандана гэж, хүү “Д”, "Га" нар бид ээжийгээ Завханд гэрт нь харж асарна гэж, хүү “Т” би ээжийгээ хаана ч байсан харж хандаж чадна гэж тайлбарлаж байна, харин хариуцагч “Ц” ээжийгээ асран хамгаалах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй.

 

Хариуцагч нар урьд өмнө нь ээжийгээ асран хамгаалах талаар ээлж, дараалал гаргаж байсан боловч хэн, хэн нь дараалалд заасан асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хоорондоо үл ойлголцон, маргалдаж, ээжийгээ орхиж явсан бөгөөд энэ хугацаанд ээж нь гэртээ харж хандах хүнгүй, эрсдэлтэй нөхцөл байдалд удаа дараа орж байжээ.


Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойд эцэг, хойд эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.


Өөрөөр хэлбэл охин “Г”, хүү “Б”, “Д”, “Га”, “Т”, “Ц” нар нь өөрсдийн төрсөн ээж “С”-г адил тэнцүү асран хамгаалах үүрэгтэй юм. Иймд “Г”, “Б”, “Д”, “Га”, “Т”, “Ц” гэсэн дарааллаар нэг жилд хүүхэд тус бүр 2 сарын хугацаатай ээж “С”-ээ асран хамгаалах харж хандах, тэжээн тэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна” гэж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ тойм бичжээ.


Түүнчлэн энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой аж. 


Related news