Канадад WeChat-ыг хэрэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-31 14:13:53

ОТТАВА, 2023 оны аравдугаар сарын 31 /ВВС/. Канадын төр засгийн байгууллагуудад ашиглаж буй төхөөрөмжүүдэд WeChat аппликейшн хэрэглэхийг хоригложээ.


Хятадын компанийн эзэмшдэг уг аппликейшнийг WhatsApp, Facebook, Amazon, Tinder зэргийг нэгтгэсэн "бүгдийг нэг дороос авах апп" гэж нэрлэдэг. Харин хэрэглэгчдийг тагнаж тандахад энэ аппликейшнийг ашигладаг байж болзошгүй гэж барууны орнуудын эрх баригчид аюулгүй байдлын эрсдэлийн талаар болгоомжилж байгаа юм.


WeChat-ыг эзэмшдэг Tencent компанитай ВВС агентлаг холбогдож тайлбар хүссэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байна.


WeChat бол дэлхий даяар хамгийн их хэрэглэгддэг аппликейшн бөгөөд ялангуяа Хятад болон Зүүн Өмнөд Ази, мөн хятадууд амьдардаг бусад орнуудад түгээмэл ашиглагддаг ажээ.


Дээрх хориг нь тэр даруй хүчин төгөлдөр болно. Канадын Төрийн сангийн зөвлөлийн ерөнхийлөгч Анита Ананд мэдэгдэхдээ “одоогоор WeChat-аар дамжин төрийн мэдээлэл алдагдсан гэх баримт нотолгоо алга. Бид кибер аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд засгийн газрын мобайл төхөөрөмж дээрх эдгээр аппликейшнүүдэд хандах хандалтыг устгаж байгаа юм" гэлээ.


Үүний сацуу Канадын эрх баригчид Орос улсад төвтэй кибер аюулгүй байдлын "Касперский" компанийн аппуудыг устгаж, цаашид тэдгээрийг татаж авахыг хориглох арга хэмжээ авч байна.


Өмнө нь TikTok-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлд ихээхэн анхаарал хандуулж байсан бол одоо мэргэжилтнүүд WeChat илүү аюултай гэж үзэх болжээ. Хойд Америкийн төрийн албан хаагчид уг аппликейшнийг TikTok шиг өргөн хэрэглэдэггүй тул төдийлөн анхаарал хандуулахгүй байсан юм.


Related news