NASA видео стримингийн үйлчилгээ эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-03 14:55:47

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /NASA/. Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA)  энэ сарын 8-наас NASA+ видео стримингийн үйлчилгээ эхлүүлэх гэж байгаагаа зарлалаа. 


Шинэ үйлчилгээгээр NASA-гийн сансрын хөтөлбөрийн тойм нэвтрүүлэг, хөөргөх ажиллагааны шууд дамжуулалт, мөн хэд хэдэн шинэ цуврал, сургалтын хөтөлбөрүүдийг гаргах ажээ. 


Бүх контентыг үнэ төлбөргүй, зар сурталчилгаа гаргахгүйгээр үзүүлэх бөгөөд уг үйлчилгээг NASA-гийн цахим хуудас, iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны аппликейшнээр авч болно. Мөн Roku, Apple TV, Fire TV-гийн тоглуулагчид тавигдах ажээ. Стриминг үйлчилгээний бета хувилбар нь долоодугаар сард гарсан  байна. NASA мөн зарим цахим хуудсаа нэг системд нэгтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хайлтын болон навигацын нэгдсэн системтэй болох юм. 





Related news