Саудын Араб, ОХУ олборлолтоо үргэлжлүүлэн бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-06 16:06:50

ДУБАЙ, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. Газрын тосны зах зээл дэх эрэлт, эдийн засгийн өсөлттэй холбоотой болгоомжлол үргэлжилсээр байгаа энэ үед газрын тосны томоохон экспортлогч орнууд болох Саудын Араб, Орос улсууд энэ оны эцэс хүртэл сайн дурын үндсэн дээр олборлолтоо бууруулах шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсноо ням гарагт мэдэгдлээ.


Хоёр улс уг шийдвэрийг сунгах, олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг ирэх сард хэлэлцэх ажээ.


Саудын Араб газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт нэг сая торхоор бууруулах шийдвэрээ үргэлжлүүлэх бөгөөд ингэснээр 12 дугаар сард өдөрт 9 сая орчим торх газрын тос олборлолно гэж Эрчим хүчний яамны эх сурвалж мэдээлжээ. 


“Олборлолтыг сайн дурын үндсэн дээр бууруулж байгаа нь газрын тосны зах зээлийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг дэмжих зорилгоор ОПЕК+-ийн орнуудын гаргаж буй хүчин чармайлтыг бататгах зорилготой гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Саудын Арабын тал эл мэдэгдлийг хийсний дараа Орос улс мөн 12 дугаар сарын эцэс хүртэл түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний олборлолтоо өдөрт 300 мянган торхоор үргэлжлүүлэн бууруулна хэмээн мэдэгджээ.


Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон Орос зэрэг орнуудаас бүрддэг ОПЕК+ өнгөрсөн оноос олборлолтоо бууруулж эхэлсэн бөгөөд энэ шийдвэрээ зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа юм.


Энэ оны есдүгээр сард газрын тосны үнэ 2023 оны дээд түвшинд хүрч, Brent маркийн нэг торх газрын тосны үнэ ойролцоогоор 98 ам.доллар болсон хэдий ч Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үл хамааран өнгөрсөн баасан гарагт 85 ам.доллар болж суларчээ.


ОПЕК-ийн орнуудыг де-факто тэргүүлэгч Саудын Араб дөрөвдүгээр сард ОПЕК+ бүлгийн зарим гишүүдийн тохиролцсон нийлүүлэлтийг хязгаарлах хэлэлцээрээс гадуур долоодугаар сараас сайн дурын үндсэн дээр олборлолтоо танаж эхэлсэн юм. Улмаар есдүгээр сард уг шийдвэрээ оны эцэс хүртэл сунгаж, сар бүр эргэн харна гэж мэдэгджээ.


Шинжээчдийн хувьд тус улс 12 дугаар сард олборлолтоо бууруулах шийдвэрээ үргэлжлүүлнэ гэж таамаглаж байсан юм. Зургаадугаар сард ОПЕК+ бүтцийн орнууд газрын тосны нийлүүлэлтийг 2024 он хүртэл хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Тус байгууллагын дараагийн уулзалт 11 дүгээр сарын 26-нд Вена хотноо болно.

Related news