Исландад онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-11-12 11:37:01

РЕЙКЬЯВИК, 2023 оны арваннэгдүгээр сарын 12 /BBC/. Исландад цуврал газар хөдөлсний улмаас “Фаградальсфьядль” галт уул дэлбэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор онцгой байдал зарлажээ.


Түүнчлэн эрх баригчид баруун өмнөд нутгийн Гриндавик хотын олон мянган оршин суугчийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг шөнийн дотор нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.


Исландын Цаг уурын албанаас /IMO/ мэдээлснээр, Рейкьянесийн хойг болон түүний ойр орчимд галт уулын дэлбэрэлтийн улмаас учирч болзошгүй эрсдэл нэмэгдсэн байна. Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, галт уул дэлбэрэх магадлал өглөөнөөс хойш нэмэгдээд байгаа бөгөөд дэлбэрэлт ойрын өдрүүдэд хэдийд ч эхэлж магадгүй байна.


Сүүлийн хэдэн долоо хоногт “Фаградальсфьядль” галт уулын эргэн тойронд олон мянган чичиргээ бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь 2021 онд дэлбэрэхээсээ өмнө 800 жилийн турш галт уулын идэвхжлийн хувьд унтаа бүсэд тооцогдож байсан Исландын Рейкьянесийн хойгт төвлөрсөн байжээ.

Related news