АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-15 10:16:35

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /CNN/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд түр зуурын арга хэмжээний тухай хуулийн төслийг мягмар гарагт баталлаа. Ингэснээр Конгресс түр зогсолтоос зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, шинэ онд илүү өргөн хүрээтэй санхүүжилтийг хэлэлцэх эхлэлийг тавьжээ.


Одоо Сенатын танхим уг арга хэмжээг батлах ёстой. Хуулийн төслийг Сенат баталбал Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурахад бэлэн байгааг Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Засгийн газрын санхүүжилт одоогоор энэ долоо хоногийн сүүлчээр буюу 11 дүгээр сарын 17-ны баасан гарагт дуусгавар болох юм.


Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг 336-95 саналын харьцаагаар баталсан бөгөөд батлахыг дэмжсэн төлөөлөгчдийн 209 нь Ардчилсан намынх байсан нь танхимын даргаар сонгогдоод удаагүй байгаа Майк Жонсоны хувьд анхааруулга болжээ. Уг баримт бичгийг Бүгд найрамдах намын 93, Ардчилсан намын хоёр гишүүн эсэргүүцсэн байна.


Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалыг хашиж эхэлсний дараах анхны томоохон сорилтын хүрээнд М.Жонсон хоёр үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зорьж байна.


М.Жонсоны хуулийн төсөлд цэргийн бүтээн байгуулалт, зам тээвэр, орон сууц, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хүнс, эм тариа, ахмад дайчдын тэтгэмж, эрчим хүч, усны хөтөлбөрийн санхүүжилтийг нэгдүгээр сарын 19 хүртэл сунгах, батлан ​​хамгаалах зэрэг Холбооны улсын бусад бүх үйл ажиллагааг хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл санхүүжүүлэхээр тусгажээ. 

Related news