OpenAI компанийн гүйцэтгэх захирлын албыг Эмметт Шир хашина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-20 17:46:02

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /CNBC/. Америкийн OpenAI компанийн удирдлагууд гүйцэтгэх захирал Сэм Альтманыг гэнэт огцруулснаас хоёр хоногийн дараа Twitch-ийн гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг уг албан тушаалд томилохоор болжээ.


OpenAI-ийн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаргийн орой С.Альтманыг ажлаас нь чөлөөлж, технологи хариуцсан захирал Мира Мурати түүнийг түр орлохоор болсныг мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлд С.Альтман “удирдах зөвлөлтэй харилцахдаа үргэлж илэн далангүй байж чадаагүй” гэж бичжээ.


OpenAI компани Э.Ширийг ажилд авсан талаар The Information, Bloomberg агентлагиуд өмнө нь мэдээлсэн бөгөөд уг мэдээлэлд ойр эх сурвалж дээрх мэдээ үнэн болохыг CNBC телевизэд баталжээ. Харин OpenAI-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.


Баасан гарагт удирдах зөвлөлөөс мэдэгдэл хийсний дараа Microsoft, Tiger Global, Thrive Capital, Sequoia Capital зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид дээрх алхмыг буцаахыг оролдсон байна. Тэдгээр компанийн аль нь ч удирдах зөвлөлд суудалгүй бөгөөд тэд уг шийдвэрийн талаар мэдээгүй байжээ.


Бямба гаргийн орой С.Альтман олон нийтийн X сүлжээнд /хуучнаар Twitter/, Би OpenAI-ийн багтаа маш их хайртай гэж бичсэн байна. Уг постон дээр зүрх дарсан OpenAI-ийн олон ажилтны нэг нь М.Мурати байв.


Өнгөрсөн сард ажилчдын хувьцааг хөрөнгө оруулагчдад 86 тэрбум долларын үнээр худалдах яриа хэлэлцээ хийж байна гэж хэвлэлүүдээр мэдээлж байсан OpenAI нь 2022 оны сүүлээр ChatGPT чатботоо гаргасны дараа алдартай болсон юм.


С.Альтманы хувьд 2019 оноос хойш тус компанийг удирдаж байсан бөгөөд амжилттай яваа компанийн шилдэг гүйцэтгэх захирал, хиймэл оюун ухааны судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг олон нийтэд танилцуулах нүүр царай болж байжээ.  


Цахиурын хөндийн ихэнх гарааны компаниудаас ялгаатай нь OpenAI нь үүсгэн байгуулагчдын хяналтад байдаг томоохон хувьцаа бүхий ердийн корпорац шиг бүтэцтэй байгаагүй, харин 2015 онд байгуулагдсан ашгийн бус байгууллагын нэг хэсэг байжээ. Удирдах зөвлөл нь “OpenAI-ийн бүх үйл ажиллагааг удирдах ерөнхий байгууллагын үүрэг гүйцэтгэдэг" ашгийн бус байгууллагыг хянадаг” гэж баасан гаргийн мэдэгдэлд дурдсан байна.


Э.Шир Amazon компанийн эзэмшдэг шууд дамжуулалтын үйлчилгээ болох Twitch-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас энэ оны гуравдугаар сард буусан юм. Тэрбээр 2007 онд Twitch-ийн өмнөх платформ болох Justin.tv-г үүсгэн байгуулж байлаа. Мөн OpenAI-д ажиллаж эхлэхээсээ өмнө С.Альтманы үүсгэн байгуулж байсан “Y Combinator” компанид түншээр ажиллаж байжээ.

Related news