ДАРХАН-УУЛ: Нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд ирсэн бүтээлүүдээс тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-22 14:19:10

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, аймгийн “Ахмадын хөгжлийн төв”-тэй хамтран нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Ахмад настны эрхийг хангах нь” сэдэвт уг уралдаан нь Дархан-Уул аймагт уламжлал болгон хэрэгжүүлж буй “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ болж байна.


Тус уралдааны зорилго нь ахмад настны нийгмийн олон талт харилцаанд идэвхтэй оролцох эрхийг нь хангахтай холбоотой тулгамдаж буй асуудал, бэрхшээл, эрх зүйн зөрчлийг хөндөх, тэднийг тэгш хамруулахад салбар бүрийн оролцоог хангах, ахмад настны оюуны болон биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, чадвар, бүтээмж, онцлог хэрэгцээг таниулах, тэдэнд хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нөлөөлөх, сайн жишээг сурталчлах, сорилт бэрхшээлийг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа тодорхойлоход оршиж байна.


Уг уралдаан нь телевизийн бүтээл, радиогийн бүтээл, цахим бүтээл гэсэн төрлөөр зохион байгуулагдаж байна. Уралдаанд оролцогч нь Дархан-Уул аймгийн харьяат байх бөгөөд үүнээс телевизийн бүтээлд зөвхөн Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч буй, МСНЭ-ийн салбар зөвлөлийн гишүүн, мэргэжлийн уран бүтээлчид хамрагдах аж. Харин радио, цахим бүтээлд зохиолч, яруу найрагч, чөлөөт уран бүтээлч, хэвлэлийн төлөөлөгч, идэвхтэн бичигч, болон сонирхогч иргэд оролцох боломжтой ажээ. Ингэхдээ мөн Дархан-Уул аймгийн харьяат иргэн байх ёстой аж.


Телевизийн бүтээл нь 5-20 минут, радио бүтээл 3-10 минут, цахим бүтээл товч тодорхой, утга, агуулга, шийдэл, гарц гаргалгааг илэрхийлсэн А4 хэмжээтэй хоёр нүүрээс ихгүй байх ажээ.


Уралдаанд оролцогчид зохион байгуулагчдын өгсөн 13 зорилтын хүрээнд  телевизийн нэвтрүүлэг, сонин, сайтын нийтлэл, радиогийн нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэх аж. Уг зорилт нь:

Ахмад настнуудын талаарх цэгцтэй ойлголтыг түгээж, эерэг хандлагыг хэвшүүлэх

Ахмад настнуудын чадамж, бүтээмж, онцлог хэрэгцээг таниулах

Ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндөн гаргах

Ахмад настны эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндөх, гарцыг эрэлхийлэх

Ахмад настнуудад дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Ахмад настнуудын боловсролын үйлчилгээг сайжруулах

Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах

Ахмад настанд үзүүлэх нийгмийн хөгжлийн үйлчилгээг сайжруулах

Ахмад настан үзүүлэх шинэлэг үйлчилгээг таниулах сурталчлах

Ахмад настны хөдөлмөрийн чадамж, хөдөлмөр эрхлэлтийг сурталчлах, дэмжих

Ахмад настны оролцоо, манлайллыг дэмжих, сурталчлах

Ахмад настнуудын мэдлэг, туршлагыг өвлүүлэх, алдаршуулах

Нийгмийн харилцаанд оролцогч хуулийн этгээдүүдийн /хувь хүн, ААНБ/- ын нийгмийн хариуцлагыг олон нийтэд сурталчлах, таниулах зэрэг сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн, баримтад тулгуурлан бүтээлээ бэлтгэх ажээ.

 


Уралдааны материалыг өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын зургааны өдрийг дуустал аймгийн “Ахмадын хөгжлийн төв” ОНӨУТҮГ-ын 404 тоот өрөөнд болон Darkhan.khugjil_tuw@yahoo.com хаягаар авах аж.


Нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулснаар ахмад настны талаарх иргэдийн эерэг ойлголт нэмэгдэх, хандлага өөрчлөгдөх, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа сайжирч, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг олж илрүүлэх, холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлж ажиллах ажээ.


Нийт гурван сая төгрөгийн шагналын сантай уг уралдаан телевизийн, радиогийн, цахим нийтлэлийн бүтээл гэсэн гурван төрлөөр бүтээлийг хүлээн авч тус бүрээс шилдэг гурван бүтээл шалгаруулж, шагнан урамшуулах аж.


Ташрамд уралдаанд оролцогчид нийтлэл, нэвтрүүлгээ цахим хуудас, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан байх ажээ.

Related news