БАЯН-ӨЛГИЙ: Харилцаа дууны олон улсын тэмцээнд 22 яруу найрагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-27 14:34:29

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн, аймгийн ИТХ-ын анхны дарга, яруу найрагч П.Мурат агсны мэндэлсний 70 жилийг ойг тохиолдуулан харилцаа дууны /айтыс/ олон улсын тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 25, 26-ны өдөр боллоо.


Тус тэмцээнд  Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсаас 22 яруу найрагч оролцож авьяас чадвараа сорин өрсөлдөв.


Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүнгээр Бүгд Найрамдах Казахстан Улсын яруу найрагч А.Мөлдөр тэргүүлж, 5 сая төгрөгөөр шагнуулаа.


Харин нэгдүгээр байрт Монгол Улсын яруу найрагч К.Ахтилеу, БНХАУ-ын яруу найрагч Д.Жамига шалгарав. Удаах байруудад Монгол Улсын яруу найрагч А.Инкарбек, Казахстан Улсын яруу найрагч С,Шугайв, БНХАУ-ын яруу найрагч З.Ханатбек, Киргиз Улсын яруу найрагч Б.Нурайым нар оров.


Ташрамд дурдахад, "айтыс" нь казах түмний эртнээс уламжлагдан ирсэн харилцаа дууны хэлбэртэй язгуур урлаг юм. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр тухайн байдал, баяр ёслолын агуулгад нийцүүлэн санаанаасаа зохион домбордож дуулна. Найрагчид тухайн баяр, ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна нийгмийн ололттой ба дутагдалтай талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.

Related news