Д.Анхбаяр: Перс, араб хэлтэй судлаачдын армитай болж байж Монголын эзэнт гүрэн, Ил хаант улсын үеийн сайн судалгаатай болно

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-11-29 11:32:16

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаяртай Ил хаант улсын түүхэн дурсгалууд, эх сурвалжийн талаар ярилцлаа.


Ил хаант улс 1256-1334 оны хооронд оршин тогтносон

-Их Монгол улс арабын ертөнц хүртэл газар нутгаа тэлсэн байдаг. Тэр үед тэнд очсон монголчуудын бий болгосон улс гүрнээс үлдсэн эх сурвалж дурсгалт зүйлийн талаар яриагаа эхлэх үү?

-Миний мэргэжил түүхч, Монголын эзэнт гүрэн, тэр дотор Ил хаант улс, Цагаадайн улсын сэдвээр ажиллаж байна. Их Монгол улсын түүхийн дурсгал нийгэмд маш их сонирхогдож байгаа асуудал. Гэхдээ судалгаа тэр хэмжээнд хүрч чадахгүй байгаа дүр зураг ажиглагддаг. Энэ бол судалгаа хангалтгүй байгаагийн хэрэг биш. Харин судалгаа дээр зохион байгуулалт, дэмжлэг дутагдаж харагддаг. Монголын түүхийн хилийн чанад дахь түүх соёлын өвүүд дээр ажиллахад төр, хувийн хэвшлийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ялангуяа төрийн бодлогын дэмжлэг чухал байна. Өнөөдөр Турк, Иран улс дахь Ил хаант улстай холбоотой түүхийн дурсгал хамгийн олон сайн хадгалагдаж байгаа нь тодорхой болсон. Монголын эзэнт гүрний үед 1256-1334 оны хооронд оршин тогтносон Ил хаант улстай холбоотой гэсэн үг. Чингис хааны Хорезмын дайнаас эзэнт гүрэн дундад Ази, Ойрхи Дорнодыг байлдан дагуулах үйл ажиллагаа эхэлсэн юм. Өгэдэй хааны үед Чормаган хорчоор удирдуулсан Их цэргийг 1230 онд Ойрхи Дорнодын бүс нутагт илгээсэн байдаг. Монголчууд тэр ард түмэнтэй энэ үеэс харилцаанд орсон гэж үздэг.


Их Монгол улсын хаанаар Мөнх 1251 онд өргөмжлөгдсөний дараа өөрийн дүү Хүлэгүд улсынхаа тухайн үеийн нийт цэргийн 10-ны 2 хувийг өгч энэ бүс нутагт илгээсэн. Түүний үр дүнд 1256 онд Ил хаант улсыг өнөөдрийн Иранд төвлөрүүлэн Туркменистаны өмнөд хэсэг, Афганистаны баруун хэсэг, Пакистаны баруун хэсэг, кавказын Армен, Гүрж, Азербайжан 3 улс, тухайн үед Селжук гэж нэрлэгдэж байсан Анатолийн түрэгүүд, хойд Сири, Ирак бүтнээрээ ийм том газар нутагт төрт улс байгуулсан юм. Ил хаант улс Хүлэгү болон түүний залгамжлагчдын хувьд Монгол төр ёс уламжлалаа дагасан, түүнийгээ тус бүс нутагт амьдруулах бодлогыг явуулжээ. Тийм учраас хамгийн их дурсгал өвүүд тэндээс олдож байна. Монголын байлдан дагууллыг эвдрэл сүйрэл л авчирсан гэдэг энэ үзлээс дэлхий нийтээр татгалзсан. Түүхэн үйл явдлыг энэ өнцгөөс ярих нь 20 дугаар зууны хуучирсан үзэл, түүнээс бид салах ёстой гэж Ираны болон бүс нутгийн түүхчид ярьдаг юм.


-Энэ нь мэдээж дэлхийг 2 хуваасан хүйтэн дайны уур амьсгалтай холбоотой хэрэг биз дээ?

-Тийм, тийм. Түүнтэй холбоотой дээрх нэр томьёог ашиглаж байсан хэрэг. Нөгөө талаар тус бүс нутгийн ард түмэн өөрийн түүхээ товойлгох үүднээс монголчуудыг гаднаас ирсэн булаан эзлэгчид гэж харж байжээ. Харин одоо бол Их Монгол улсын үед хийгдсэн соёлын үсрэнгүй хөгжилийн талаар илүү ярьж, бичих хандлага тэдний түүхчид, ард түмэнд бий болж  өөрчлөгджээ. Хүлэгүгийн улсын үед маш олон хот байгуулжээ. Түүний хамгийн том нь Иранд байгаа Султание хот. Өлзийт хан исламын шашинд орсон, султан цол авсан учраас байгуулсан хотдоо энэ нэрийг өгсөн байна.


-Өлзийт ханы тухай тодруулах уу?

-Ил хаант улс Хүлэгүгээс Газан ханыг хүртэл тууштай буддын болон уламжлалт бөөгийн зан үйл, соёлыг эрхэмлэж байсан. Харин 1290-ээд оноос Газан хан Ойрхи Дорнодын ард түмнийг захирахын тулд тэдний шашин соёлыг ойлгох хэрэгтэй гэж үзээд өөрөө исламын шашинд оржээ. Уламжлагдаж байсан төрийн бодлогод исламын талын элемент бүтцийг оруулж эхэлжээ. Тэдгээрийг түүхэнд "Газан ханы шинэчлэл" гэж нэрлэдэг. Газан ханыг таалал төгссөний дараа, түүний дүү Өлзийт хан ширээнд суусан. Өлзийт хан хэн бэ? гэхээр Чингис хааны хүү Тулуй, Тулайн хүү Хүлэгү, Хүлэгү ханы хүү Абага, Абага ханы хүү Аргун, Аргун ханы хүү Өлзийт гэж явдаг. Өлзийт хан тэгэхээр алтан ургийн хан гэсэн үг.


-Таны нэрлэсэн хаад ханаар өргөмжлөгдөхдөө ямар хэлбэрээр гарч ирдэг байсан юм бэ?

-Хүлэгүгээс хойших бүх хааныг Хуралдайн ёс заншлаар ханд өргөмжилдөг уламжлал гайхалтай сайхнаар хадгалагдсан бүс нутаг шүү дээ.


-Чингис хааныг нас барсны дараа алтан ургийнхан цугларч хуралдай хийж Өгэдэйг хаанд өргөмжилсөн юм билээ. Яг түүн шиг үйл явдал тэнд болж байсан юм байна гэж ойлгож болох уу?

-Хүлэгү ханыг нас барснаас хойш оршуулгын зан үйл гүйцэтгэсний дараа төрийн Их хатан юм уу, ахмад хөвгүүн хуралдай зарладаг. Энэ хуралдайгаар хан гэрээслэл үлдээсэн байвал гэрээслэлийн дагуу ханыг батламжилна. Гэрээслэл авч амжаагүй бол хан ширээнд хэн суух талаар хуралдай хэлэлцээд шинэ ханаа тодруулдаг. Шинэ ханаа тодруулахдаа хуралдай “Чингис хааны засаг-яса ба ёсон гэж байгаа, тэр нь Чингис хааны Их засаг болон ёс заншил мэдэх хүнийг хаанд өргөмжлөх” гэсэн зарчмаар шийддэг байсан гэж эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Ил хаант улсын хааныг хуралдайгаас өргөмжилж хан ширээнд суулгана. Энэ зан үйлийн дараа Их Монгол улсын их хаан Хубилай болон түүний залгамжлагчдаас Ил хаант улсын ханыг батламжилсан зарлиг ирнэ. Түүний дараа хан ширээнд суух хоёр дахь ёслол үйлдэнэ. Ил хаант улсын хаад ийм хоёр үе шатыг дамжиж хан болдог жишиг тогтсон байжээ. Тэр байтугай дөрвөлжин үсэгтэй төрийн тамга нь Хубилай хааны зүгээс ирдэг байсан. Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгээ мэдэрч Монгол ёс уламлалаа бүс нутагтаа мөрдүүлж явжээ. Тийм учраас бүх хаадын зоосон мөнгө нь дандаа монгол бичигтэй гарч байсан байгаа юм. Төрийн албан ёсны хэл нь монгол хэл байсан байх жишээтэй. Их Монгол улсын нийт цэргийн 10 хуваасны 2 нь Ойрхи Дорнодод ирсэн, тэднийг дагаад маш олон тооны монголчууд тэнд очсон байна. ХБНГУ-ын түүхч Бертольд Шпулер нь Ил хаант улсын түүхийг Иран дахь монголчуудын түүх гэж томьёолсон байдаг. Герман түүхчид энэ уламжлалыг дагаад дундад зууны үеийн Иран дахь монголчуудын түүх гэж тусдаа нэр томьёо гаргасан. Гэхдээ бид Ил хаант улс гэж төрт улс байсан учраас тэр нэр томьёогоороо явах нь зөв өө.


-Ил хаант улсын ханыг батламжилсан хуралдайн тэмдэглэл, Их Юань улсын хааны батламжилсан зарлиг бичиг эхээрээ хадгалагдан үлдсэн байх уу?

-Их Монгол улсын хаанаас ирсэн зарлиг биетээр өнөөдрийн байдлаар олдоогүй. Ил хаант улсын ханаар батламжилсан хуучин монгол бичгээр бичсэн зарлиг, захидал маш олон байна. Эндээс бидний хамгийн сайн мэдэх зүйл нь Өлзийт ханаас Францын Гоо ван Филиппэд явуулсан хуучин монголоор бичсэн захидал байна. Захидлын хуулбарыг Гадаад хэргийн яам хүлээж аваад залсан байгаа. Ил хаант улсын хан Абага, Аргун, Газан нарын европын хаад, ноёд болон пап ламд илгээсэн захидал бичиг гэвэл одоогийн байдлаар Ватиканы архиваас монгол хэлээр, монгол бичгээр үйлдсэн 9 захидал олдоод байгаа. Үүнээс гадна Ил хаант улсын хэмжээнд гаргасан зарлиг бичиг цөөнгүй тоогоор байна. Перс хэлээр гарсан зарлиг бичиг асар олон бий. Ираны архивт хадгалагдах Ардабилийн цуглуулга гэж нэрлэгдсэн монгол болон перс хэлээрх 50 гаруй зарлиг эх биетээрээ байгаа нь хамгийн томд тооцогдоно.


-Ил хаант улсын үеийн зарлиг, албан бичиг перс, монгол хоёр хэлээр гарч байсан гэсэн үг үү?

-Тийм, тэгэлгүй яах вэ дээ. Төрийн хэл нь монгол хэл байсан учраас ялангуяа дипломат харилцааны албан бичиг монгол хэлээр гарч байсан. Улс мужийн хүрээнд сүм хийдийг татвараас чөлөөлөх ч байдаг юм уу ийм албан бичгийг перс хэлээр бичсэн байдаг л даа


                                          Ираны Маку хотод Чингисийн булаг нэртэй газар байх жишээтэй

-Ил хаант улсыг байгуулахаас өмнө Ойрхи Дорнодын бүс нутагт суурин болон нүүдлийн соёл иргэншлийн аль нь зонхилж байсан юм бэ?

-Иран бол суурин соёл иргэншилтэй байсан. Гэхдээ бас түүхэн нүүдэлчид  байжээ. Ялангуяа Ибн Баттугийн тэмдэглэлээс харахад Анатолийн хойг, Туркмен, Ираны өмнөд бүс нутагт нүүдэлчид байсан. Түүн дээр цөөнгүй тооны монголчууд очсоны дараа Иран Азербайжаныг холбосон Муганы тал нутаг, зүүн Анатолийн тал нутгуудад монгол нүүдэлчин аймгууд гарч ирсэн. Монгол аймгуудын мэдээллийг хаана өвөлжиж, хаана зусдагийг эх сурвалжид маш тодорхой бичсэн байгаа, тэндээс олох бүрэн боломжтой. Нэг түм буюу 10 мянган өрх айл амьдарч мал аж ахуй эрхлэх боломжтой хамгийн том нь Муганы тал нутаг байжээ гэж судлаачид тогтоосон байгаа. Хорасаны тал нутаг олон монгол нүүдэлчдийг 10-тын зохион байгуулалттай байлгаж байсан гэж тогтоожээ. Нэрлэсэн тал нутгуудад монгол нүүдэлчид олноороо байсныг одоо ойрад, жалайр, сөнөд, арлуут, сүлдүс гэх газар усных нь нэрээр судалгаагаар тогтоогоод байгаа юм.


-Та Сүлдүс гэдгийг тайлбарлах уу, яагаад монгол нэр гэж...

үлдүсийн Сорхон Шар гэж “Нууц товчоо”-нд гардаг, тэр аймаг шүү дээ. Ойрад аймаг, ойрадын нэр аруут, уруут гээд янз бүрээр гардаг. Дөрвөн гэдэг нэр маш их тохиолдож байна. Жалайр-ийм нэртэй тосгод байх жишээтэй. Зөвхөн Чингис хаантай холбоотой 30 гаруй газар усны нэр Ираны газар усны нэрийн тайлбар толиос түүхэд гарч ирнэ. Ираны Маку хотод “Чингис булак” /Чингисийн булаг/ нэртэй газар байх жишээтэй. Азербайжанд монгол овог аймгийн нэрээр нэрлэгдсэн 20 гаруй жижиг хот тосгод байна. Эндээс бид монгол аймгуудын суурьшилтай холбоотой мэдээллийг авах боломжтой. Ойрхи Дорнод, дэлхийгээр тархсан монгол нэрийн судалгаа Э.Равдан багшид байна. Тэнд нэлээд мэдээлэл бий. Нүүдлийн амьдрал өнөөдөр ч тэр газар нутаг дээр үргэлжилсээр байна. Тэдний дунд тодорхой хугацаанд үлэмж хэмжээний монголчууд байсан болохоор ёс заншлын ч юм уу, угсаатны судалгаа хийвэл сонин сонин үр дүн гарах боломжтой гэж би хувьдаа боддог юм.


Турк улсын Ахлат гэж хот байдаг. Тэр хотын захирагчаар 14 дүгээр зуунд Сутай нэртэй монгол ноён 10-аад жил ажиллажээ. Түүний албатууд энэ нутагт зусланд гарч байсан тухай орон нутгийн түүхэнд бичээд үлдээсэн байдаг юм билээ. Тэнд одоо ч суурьшил байхгүй, эргэн тойрны хот тосгодоос ялаа шумуулаас зугтаж хоньчид ирж зусдаг, зуслан хэвээрээ байна. Шил гэдэг бол өндөрлөг газар, гэхдээ дээрээ тэгшхэн байдаг шүү дээ. Булш байгаа газар яг тийм байгаа нь их сонирхолтой санагдсан шүү. Иранд Марага гээд хот байна. Тэнд очоод харах юм бол уул нуруудынх нь хэлбэр дүрс монгол нутагтай их төстэй. Тэнд очихоор одоо монгол орныхоо Архангай аймагт явна уу, Өвөрхангай аймагт явна уу гэж тааж ядахаар байдаг.


-Энэ газар нутаг монголчуудтай ямар сэжмээр холбогдоно гэж...

-Хүлэгү хан очоод тэнд анхныхаа нийслэлийг байгуулсан юм. Түүнээс өмнө зэлүүд нутаг байсан байна. Одоо бол хот байгаа. Тэр хотын эргэн тойрны нутгийн уул нуруу, даваа гүвээ монгол нутагтай төстэй байдаг талаар ярьж байна. Монголчууд тэнд очоод Ираны өмнөд Шираз ч гэдэг юм уу халуун бүс нутагт суурьшаагүй. Байгаль цаг агаар монголтой ижил, монголыг санагдуулам газар нутагт амьдарч байсан байна. Гэхдээ тэр бүс нутгийг бүхэлд нь захирч байжээ. Харин одоо дундад зууны монголчууд нутаглаж байсан эх сурвалжид бичигдээд үлдсэн тодорхой бүс нутгуудад археологийн судалгаа явуулах юм бол тухайн үеийн монголчуудтай холбоотой олон дурсгалууд олдоно. Өнөөдөр ч энэ газар нутгаас олон дурсгал илэрч олдож байгаа.


-Монголын эзэнт гүрэн хүрээгээ тэлж Ойрхи Дорнодод очиж хот, тосгон босгожээ. Түүнтэй холбогдоод амьдралынх нь хэв маяг өөрчлөгдсөн байх. Мөн тухайн үед тэнд амьдарч байсан нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маяг ч монголчуудын нэгэн адил өөрчлөгдөж таарна. Яг тэр 13,14 дүгээр зуунд шинээр тэнд ямар соёл бий болсон юм бэ?

-Монголчуудын тэнд очоод цоо шинээр байгуулсан хотуудаас бүрэн бүтэн байдлаараа үлдсэн нь Султание хот. Энэ хотыг Хонгор улааны тал гээд монголоор нэрлэсэн. Монголын үеийн хот суурин гэдэг нь өрнө дорно хоёрын соёл уулзсан тэр уулзвар бүхий хотыг хэлнэ.


Их Монгол улсаас очсон тэр иргэд өөрийнхөө зан заншил, ёс уламжлалыг сайн мөрдөөд амьдарч байсан нь ойлгомжтой. Тухайн бүс нутагт Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэлх энэ урт бүс нутгийг нэг захиргаанд оруулчихаар өрнө, дорно хоёр тэнд нийлнэ шүү дээ. Султание хотоос дорно дахины хөх шаазангийн урланг харна. Хөх шаазангийн урланг исламын загвартай байгууламжууд дээр дорно дахинаас гаралтай луун хээ ч юм уу, ийм хээнүүдийг исламын шашны хээнүүдтэй хослуулсан, гоёл чимэглэл хийсэн  онцлогтой. Тэр утгаар соёл түгсэн. Тухайлбал, исламд хөгжсөн одон орон дорно дахинд нэвтэрсэн байх жишээтэй. Хятад бол тухайн үед уламжлалт зурхайн ухаантай байлаа. Хубилай хааны зарлигаар анх исламын элч төлөөлөгчид хятадад астрономийн ухаан бий болгосон. Астрономийн том том эрдэмтэд одон орны багажуудыг нэрлэж болно. Юань гүрний үед ирсэн одон орны хэмжих багажуудын үлдэгдэл одоо ч Бээжинд үзэсгэлэнд байж байна. Газар тариаланд суваг шуудуу татдаг өрнийн соёл исламаар дамжиж Хятадад дэлгэрсэн байх юм. Тийм учраас Хубилай хааны үед том том газар тариалангийн хиймэл далан суваг шуудуу татсан байгаа байхгүй юу.


МУИС, Туркийн Измир Катип Челеби Их сургуультай хамтарсан хоёр орны судлаачид 2022 онд Туркийн зүүн нутаг Ван мужид Хүлэгү хааны өөрийнх нь байгуулсан Алатагын зуны ордныг олсон. Тэнд яг одоо малтлага хийж байна. Хархорумаас гардаг дээврийн нүүр тосгуур нөмрөг вааруудтай их ойролцоо жил төстэй, ижилсэлтэй вааруудыг тэндээс олсон. Алатагын ордонд буддын шашны хоёр том сүм байсан гэж үздэг. Тэгэхээр энэ бүс нутагт монголчууд буддын соёл авч очсон. Монгол хаадын зуны ордон өргөө нь эзэнт гүрний үед Хархорумд байсан өргөө ордуудтай загвар хэмжээний хувьд туйлын төстэй байгаа. Энэ бүхнийг археологийн судалгаагаар улам нарийн судлах шаардлага бий. Азербайжаны нутагт Газан ханы үед байгуулсан Махмуд абад хотын туурь байна. ЗХУ /ОХУ/-ын археологичид 20 дуунд малтаж байгаад орхисон байдаг. Түүнээс хойш малтлага судалгаа тодорхой хийгдээгүй. Иранд Тахт-э Солейман гэж нэрлэдэг Абага ханы зуны ордны маш том туурь өнөөдөр байгаа. Энэ тууриас гарсан асар олон барилгын материал, сийлбэртэй ваар сав, ханын чимэглэл дэлхийн музейгээр нэг тарсан байж байгаа.


-Шавар ваар савууд гэсэн үг үү?

-Үгүй, дээрээ зурагтай ханын плита гэсэн үг. Асар ихээр тархсан ийм зүйлүүд бас байна. Ил хаант улс түүхэндээ 3 нийслэлтэй байсан юм. Хүлэгү хан эхлээд Марага хотыг нийслэл болгосон, хүү Абага нь нийслэлээ Тебриз рүү шилжүүлсэн юм. Өлзийт ханы үед Султание хотыг цоо шинээр байгуулж нийслэл болгож байжээ. Ил хаант улсын үед исламын загвар уран барилгад нэвтэрсэн. Хөх шаазан /пилтаа/ дээр элдэв дорнын гаралтай хээ угалз, цэцэг зурж барилга чимэглэх явдал дэлгэрчээ. Ираны уран барилгын түүхэнд алдаршсан Өлзийт ханы бунхан одоо хүртэл байгаа. Ханы бунхан нь холоос монгол гэрийн зохион байгуулалттай харагддаг гэж тэндхийн архитекторууд үзсэн байдаг.


Монголын үед түүхийн зохиол бичгийн шинжлэх ухааны судалгаа тэр бүс нутагт асар их хөгжсөн дөө. Ил хаант улсын анхны нийслэл Марага хотод нэг том толгой дээр астрономийн төв байгуулжээ. Тэр төв тухайн үедээ номын сандаа 300 мянган гар бичмэл номтой байсан талаар эх сурвалж мэдээлдэг. Энэ баримт бол тухайн үед бичгийн судалгаа ямар хэмжээнд хөгжиж байсныг тодорхойлно. Тэдгээрээс Ираны архивт одоо 2000 гаруй гар бичмэл эхээрээ хадгалагдаж байна. Тэр номуудын ихэнх нь одон орон, математик, геометр болон исламын шашин судлал, түүхийн номууд байна. Рашид Аддины бичсэн “Судрын чуулган” зохиол хамгийн алдартайд нь тооцогдох жишээтэй. “Судрын чуулган”-ы янз бүрийн 20 орчим эх дэлхийн том номын сангуудад хадгалагддаг. Рашид Аддины үед жилд 2 удаа уг номыг хуулуулж исламын бүх хотуудад тарааж байсан байгаа юм. Жилд энэ байдлаар хэдэн зуун хувь хэвлэж тараасан. Ингэж байж л дээрх хэмжээнд буюу 20 орчим эх бидний үед үлдсэн байна. Гэхдээ тэр дотор бүтэн эх их ховор. Истанбулын Топкапи ордонд байгаа эх, Ташкентын эх хоёрыг бүтэн гэж дурдаж болно.

                                                        

Судлаач Ахмед Зеки велид Тоган “Судрын чуулган”-ы  анхны эх нь монгол хэлээр байсан байж магадгүй гэдэг санааг дэвшүүлсэн

-“Судрын чуулган” анх ямар хэлээр зохиогдож, ямар хэлний үсгийн тэмдэгтээр тэмдэглэгдсэн юм бэ?

-Бидний гар дээр ирсэн “Судрын чуулган” бол анх бүгд перс хэлээр бичигдсэн эхүүд. Гэхдээ зарим судлаачид тухайлбал, Туркийн судлаач Ахмед Зеки велид Тоган “Судрын чуулган”-ыг судалсан судалгааныхаа дүгнэлтдээ анхны эх нь монгол хэлээр байсан байж магадгүй гэдэг санааг дэвшүүлсэн. Тэрбээр тухайн үед монгол хүний нэрийг персээр бичдэг маш тодорхой стандарт байсан. Гэтэл тэр стандартыг баримтлаагүй. “Судрын чуулган”-нд хүний нэрийг бичихдээ ижил төстэй “х, г, к” гэсэн үсгүүдийг хольж сольсон. Тодруулбал “х” бичих газар “г”, “г” бичих газар “к” бичих байдлаар...Эдгээр алдааг монгол хэлнээс перс хэлээр болгохдоо орчуулагч нар хийсэн гэж дүгнэсэн. Түүнийгээ баталгаа болгож Рашид Аддин монгол хэл мэддэг байсан баримт гаргаж ирсэн байна.


-Таныг би перс хэлтэй гэж ойлгож байна. Ираны архивт байгаа 2000 эх бичгийг очоод уншиж судлах монгол хүний нөөц, эрдэмтдийн чадвар ямар байдаг юм бол...

-Тэр эхүүдээс Иран, Турк, Азербайжан, европын орнууд, дэлхийн судалгааны төв, томоохон номын сангуудад тарсан байгаа. Тэднийг очоод судлах нь монголчуудад нээлттэй. Бид хүний нөөцөө анхаарч перс хэлтэй түүхчдийн шинэ үеийг бэлтгэх хэрэгтэй. Түүнийг бэлтгэх хамгийн байж болох бодит арга бол Иранд түүх, эх бичиг, сурвалж судлалын чиглэлээр оюутан сургах явдал. Ингэж хүний нөөцтэй болох хэрэгтэй. Бидэнд 20 дугаар зуунд боломж маш бага байлаа. Гэхдээ 1990 онд боломж гарч ирсэн. Гэвч бололцоо байхгүй байлаа.


-Турк бол манай улсын перс хэлтэй судлаач бэлтгэх өнгөрсөн 30 жилийн гол түшиц газар нь байсан байх, тийм үү?

-Туркт мэргэжилтэн бэлтгэх уламжлалаа үргэлжлүүлнэ. Иранд одоо перс хэлтэй мэргэжилтэн бэлтгэх шаардлага байна. Монгол Улс нэгэн үе /1990-ээд он/-ийг бодвол эдийн засаг боломжтой болсон байгаа. Иймд судалгаанд төрийн бодлого л хэрэгтэй байна. Перс, араб хэлтэй судлаачдын армитай болсон нөхцөлд л Монголын эзэнт гүрний үеийн сайн судалгаатай болох боломжтой.


-Перс, араб хэлээрх эх сурвалжийн судалгаа болон Монгол судлал дээрх нэр бүхий улс орнуудад ямар хэмжээнд хөгжсөн байдаг юм бэ?

-Истанбулын Их сургууль дэргэдээ Монгол судлалын төвтэй, Хажеттепегийн Их сургууль дэргэдээ салбартай. Измир Катип Челеби Их сургуульд удахгүй Монгол судлалын төв байгуулах гэж байна. Одоо бэлтгэл шатандаа явна. Туркийн монгол судлаач гэж бидний үзэж байгаа хүмүүс гол төлөв хэл шинжлэлийн харьцуулсан судалгааг маш сайн хийж байна. Мөн дундад зууны үед араб хэлээр бичигдсэн толинуудын судалгаа хийдэг.


Туркийн нутаг дэвсгэрт байгаа Ил хаант улсын дурсгалуудыг судлах ажилд МУИС, Измир Катип Челеби Их сургууль хамтарч археологийн судалгааны хэмжээнд харилцаагаа хөгжүүлж байгаа. Ил хаант улсын харьяанд байсан учраас Монголын эзэнт гүрний судалгааг чамгүй судалдаг. Монголын нууц товчоог 1949 онд, Алтан товчийг 1970-аад онд турк хэлээр орчуулсан байдаг. Монгол судлалын судалгааны өв Туркт бий. Иранд Монгол судлал байна гэхэд хэцүү, монгол хэлтэй хэл шинжлэлээр явдаг судлаач ховорхон л доо. Тэдний түүхийн нэгэн үе учраас Иранд Ил хаант улсын судалгаа бол өндөр түвшинд хүрсэн шүү. Ираны Занжаны Их сургууль дээр Ил хаадын түүхийн судалгааны төв байгуулагдсан байгаа. Бид түүнийг Монгол судлалын төв гэж харах ёстой. Тэдэнтэй уулзаад Ил хаадын судалгааны түвшин ямар байна гэж асуухад “Иранд төрийн өмчийн 100 гаруй Их сургууль байна. Энэ сургуулиуд бүгд түүхийн тэнхимтэй. Түүхийн тэнхим бүрд Ил хаадын түүхийн судалгаагаар заавал 1-2 эрдэмтэн багш байна. Мөн тэнхимд магистрын 1-3, докторын 1 судалгаа жил бүр хийдэг. Эндээс харахад жилд 100 орчим диссертаци гарна” гэж хариулсан. Энэ их өвтэй бид ямар нэгэн байдлаар холбогдох хэрэгтэй, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай.


-МУИС-д Иран оюутан сурч байгаа тохиолдол байх уу?

-Байхгүй.


-Монголоос  Иранд сурч байгаа монгол оюутан гэвэл...

-Иранд яг одоо Монгол оюутан сурдаг тухай мэдээлэл надад алга. Мөн Кувейт, Эмират, Египет гэсэн газруудад байгаа хуучны гар бичмэл дурсгалуудыг судлах шаардлага байгаа юм. Монгол хатны богтого малгай Катарын Доха хотын музейд байна гэж манай хувцас судлаач Б.Сувд гэрэл зургийг нь аваад ирсэн л байх жишээтэй. Эмиратийн эдийн засаг хөгжиж байгаатай холбогдоод музейн хуучин үзмэрийн зэрэгцээ, хувь цуглуулагчдын гар дээрээс ч байдаг юм уу, сурвалжлан олох байдлаар асар их өвөөр музей нь урын сангаа баяжуулж байгаа юм билээ. Энэ мэт араб хэлтэй судлаач Монголд шаардлагатай л байгаа юм.


-Ил хаант улсын үеийн археологийн олдворын талаар дээр цухас дурдаад өнгөрсөн. Перс, Арабын газар нутагт хийж байгаа археологийн малтлагаас Монголчуудтай холбоотой 13, 14 дүгээр зууны үеийн үйл явдлыг гэрчилсэн олдвор олон гарав уу?

-Иранд монголчуудын байгуулсан Султание хотод археологийн малтлага 50 шахам жил үргэлжилсэн, одоо хүртэл хийж байна. Тебриз хот дахь Рашид Аддины байгуулсан эрдмийн хорооллыг ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд тэнд Иранууд 1990-ээд оноос хойш Итали, Германтай хамтран археологийн том судалгаа хийж байна. Мөн Марага хотын Одон орон судлалын төвийн туурийг Ирандаа судлаад малтаад гаргаад ирсэн байна. Одоо сэргээн засварлалттай холбоотой судалгаа нь явагдаж байх жишээтэй. Монголын судлаачид бид тэднээс яаж хоцрох вэ, Туркийн Хүлэгү хааны Алатагын ордны малтлага судалгааг хоёр жилийн турш хийлээ. Энэ маань дэмжигдвэл цаашид магадгүй хэдэн арван жил үргэлжилсэн археологийн судалгаа хийгдэх боломжтой.


Иранд өнөөдөр Газан ханы байгуулсан Ужаны ордон гэж байгаа, тэр ордны малтлага төрийн ивээл дор үргэлжилж байх жишээтэй. Ер нь дээр дурдсан ажлуудыг урагшлуулж хойноос нь хөөцөлдөх ёстой улсууд нь бид нар, манай монголчууд. Ийм учраас диполмат харилцааны шугамаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг урагшлуулж ажиллах ёстой. Түүнээс бид тухайн улсуудыг хүлээх юм бол их удна. Тэднийг бид хүлээх юм бол хүлээсээр л байх болно. Тэгэхээр бид нэг үеийг бодвол эдийн засгийн боломж дээшилсэн энэ үед Ил хаант улсын үеийн судалгаанууд дээр өөрсдөө очих учиртай. Түүнд эхний ээлжид боловсон хүчний нөөц хэрэгтэй. Мөн төр засгийн бодлого дэмжлэг маш чухал байгаа юм.


-Монгол хэлээр “Судрын чуулган” орчуулагдсан. Энэ номын бусад хэлээр орчуулагдсан тухайд...

-Англи, орос, франц, япон, солонгос гэх мэт дэлхийн маш олон хэлээр орчуулагдсан. Тухайн бүс нутагтаа турк хэлээр орчуулагдсан байна. Дундад Азийн орнууд өөрийнхөө хэлээр орчуулалгүй орос хэлтэй учраас оросоор уншаад байх шиг байгаа юм. Монгол хэлээр нэрт судлаач н.Сүрэнхорол гуай 2002 онд орос хэлнээс, саяхан нэрт орчуулагч Г.Аким гуай орос, англи хэлнээс харьцуулан орчуулсан байгаа. Судалгаанд бид перс хэлнээс нь ашиглаж байна. Гэхдээ перс хэлнээс нь давхар монгол хэлэнд орчуулах шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Энэ ажлыг миний бие эхлүүлсэн байгаа.                     

Чингис хаанаас өмнөх үеийн түүхийг Рашид Аддин бичихдээ “Алтан дэвтэр”-ээс гэж онцолсон байдаг

-“Судрын чуулган”-д гарч байгаа үйл явдал цар хэмжээний тухайд...

-Эргэнэ хунгийн домог, Бөртэ чоно Го маралаас эхлээд 1304 он хүртэл Монголын түүх бүхэлдээ гарна. Чингис хааны Хорезмын дайны гол мэдээллийг “Судрын чуулган”-аас авдаг. Монголын нууц товчоонд Алтан улсын довтолгоо голлоно, Хорезмын дайн товч гарна, тийм үү. “Судрын чуулган”-д он сар өдөртэй, үйл явдалтай, хүний нэртэй нарийн мэдээллийг тэмдэглэж үлдээсэн байдаг. Энд Ил хаант улсын түүхийг маш нарийвчлалтай бичиж тэмдэглэсэн учраас маш том эх сурвалж. Мөн Цагаадайн улс, Юань улсын талаар мэдээлэл их бий. Цагадайн улс түүхээ бичүүлээгүй учраас түүхийг нь “Судрын чуулган”-аас бид авдаг. Их Монгол улсын түүхийн эх сурвалжид 1 дүгээрт “Монголын нууц товчоо”, 2 дугаарт “Судрын чуулган” орно. Дараа нь Юань улсын судар ч юм уу, бусдыг нь хэлнэ.


-Чингис хаанаас өмнөх үеийн Монголын түүхийг тэнд хаанаас авч бичсэн байх уу?

-Рашид Аддин “Монгол хаадын өргөөнд байдаг “Алтан дэвтэр” эх сурвалжийг надад үзүүллээ. Тэгээд “Алтан дэвтэр”-т бичсэнээр гээд Чингис хаанаас өмнөх үеийн түүхийг маш их бичсэн байдаг. “Судрын чуулган”-ыг бичихэд “Алтан дэвтэр”, дээр нь “Нууц товчоо”-нд байдаг мэдээ баримт асар их байдаг учраас “Нууц товчоо” юм уу, түүнтэй адил, дүйцэх хэмжээний монгол эх сурвалж ашигласан байх аа. Монгол он дарааллын бичгүүдэд, Монголын түүхийн сурвалжуудад гэсэн нэр томьёо асар их гардаг. Тэгэхээр Монголын түүхтэй холбоотой монгол хэлээрх бусад эх сурвалжуудыг ашигласан байна. Мөн арабын бүс нутгийн хуучин араб, перс болон бусад хэлээрх эх сурвалжуудыг ашигласан тухайгаа Рашид Аддин номын оршил хэсэг дээр ашигласан эх сурвалжуудаа тэмдэглэсэн байгаа.


-Араб, персийн ертөнц дэх Монголын эзэнт гүрний том шинэчлэл “Судрын чуулган”-д тэмдэглэгдэн үлджээ гэж үзэх боломжтой юм байна, тийм үү?

-Тийм ээ, тийм л учраас 2017 онд ЮНЕСКО-гийн Дэлхий /хүн төрөлхтөн/ -н ой санамж гэдэг номинацид “Судрын чуулган”-ыг бүртгүүлсэн байгаа.


-Перс, Арабын бүс нутагт Ил хаант улсын үлдээсэн соёл, дурсгал, эх сурвалжуудын талаар багцалж болон онцолж хэлээч гэвэл Та юу хэлэх вэ?

-Турк болон Иранд Ил хаант улсын хот бүхэнд нь монголчуудын бариулсан сүм хийд, уран барилгын дурсгал байна гэж багцалж хэлж болно. Түүний нэг нь Туркийн Амасиа хотын Ногоон голын эрэг дээр усны урсгал, хөгжмийн аялгуугаар хүний мэдрэлийг эмчилдэг Өлзийт хааны Илдуз гэдэг их хатны байгуулсан “мэдрэлийн эмнэлэг” юм. Тухайн үед эмнэлгийн үүдэн дээр Их хатан Илдузын хөрөнгөөр байгууллаа гээд бичсэн бичээс нь хүртэл байж байгаа. Туркууд түүнийг Ойрхи Дорнодод байгуулагдсан анхны “мэдрэлийн эмнэлэг” гэж үздэг. Хожим 1400-гаад оны үед гарсан анагаах ухааны судрын тэргүүн нүүр дээр Илдуз хатны хөргийг зураад үлдээсэн байдаг. Ийм дурсгал байх жишээний. Түүнээс гадна Илдар гэдэг нэртэй хан хөвүүн, Иш Буга гэдэг монгол ноёны муми /шарил/ маш сайн хадгалагдсан, нэр устайгаа Амасиа хотын музейд байна. Ил хаант улсын чулуун дээр бичиж сийлүүлэн үлдээсэн татварын 3 зарлиг олдсон байх юм. Туркаас 2 нь олдсон, түүний нэг нь Анкара хотын төв цайзын хана дээр Абусайд ханы зарлиг перс хэлээр бичигдэн үлджээ. Ани гэдэг хотоос олдсон төв сүмийн үүдэнд бичиж үлдээсэн нөгөө дэхийг нь 1905 онд Оросууд аваад явсан юм билээ. Одоо хаана байгаа нь тодорхойгүй. Гэхдээ маш сайн гэрэл зураг үлдсэн тул түүн дээр судлаачид уншилт хийж байна. Азербайжаны нийслэл Баку хотын хуучин хороолол дотор Өлзийт ханы зарлиг перс хэлээр сүмийн минарет багана дээр сийлэгдээд үлдчихсэн байх хэмжээтэй. Ираны зүүн хязгаар Хорасанд байх Ойрадын Аргун Ага ноёны булш нь мужийн гол бэлгэ тэмдэг болсон байж байна. Цагадай гэх Монгол нэртэй хот хүртэл байгаа. Монголчуудын 4-5 дурсгал Цагадай хотод байж байх жишээтэй. Бидний судлах ёстой уран барилгын дурсгал, өвүүд Ойрхи Дорнод, арабын ертөнцөд маш олон байна. Дээр нь Ил хаант улсын үед бүтээгдсэн бичиг, эх сурвалжийн өвийг хэлэх ёстой.


Related news