ӨМНӨГОВЬ: Жирэмсэн эхчүүдийн дунд халдварт өвчлөл буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-29 17:44:41

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. "Эрүүл Өмнөговь" зорилтын хүрээнд “Тэгш байдлыг хангая-хүн бүр оролцъё уриан дор нэг сарын аяныг зарлаж, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.


Тус ажлын хүрээнд арваннэгдүгээр сарын 28-ны өдөр жирэмсний үеийн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, эрт оношлох, эмчлэх, чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын эмч, эх баригч нарыг чадавхжуулах сургалтыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.  


Сургалтад Өмнөговь аймгийн 17 эрүүл мэндийн байгууллагын 34 эмч, мэргэжилтэн хамрагдав.





Өмнөговь аймгийн БОЭТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын эмч А.Оюунболд:

-Манай аймагт бэлгийн замаар дамжих өвчлөл улсын дунджаас хэдий буурсан үзүүлэлтэй байгаа ч хөдөлгөөнт хүн ам ихтэй онцлог аймаг учраас өвчлөл үе шаттай буурахгүй байгаа. Тиймээс Өмнөговь аймгаас хэрэгжүүлж байгаа "Эрүүл-Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд төлбөрийг шийдвэрлэн жирэмсэн 100 эмэгтэйг далд халдвар илрүүлэх ПСР шинжилгээнд хамруулсан. Гэвч хамгийн эрүүл байх насны бүлэг хүмүүсийн өвчлөл их бүртгэгдсэн байсан.  

Жишээ нь нэг хүнд 2-3 төрлийн халдвар оношлогдож байгаа нь сэтгэл их эмзэглүүлж байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг илтгэж байгаа юм. Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна. Өсвөр насны хүүхдийн дунд ч өвчлөл их өндөр гарч байгаа. Нөхцөл байдалд тулгуурлан бид сургалт сурталчилгааг мэргэжлийн байгууллагуудаас авч мэдлэг, мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын төвийн ахлах багш В.Нямцэнгэл:

-Өмнөговь аймгийн хувьд БЗДХ-ын өвчлөл харьцангуй тогтвортой болов ч газар зүй, нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн халдварын тархалт өндөр эрсдэлт бүс болдог.

Тиймээс энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг тасралтгүй сургаж чадавхжуулах хэрэгцээ шаардлагууд гарч байгаа юм. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын эрүүл мэндийн төвүүд болон сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалт үр дүн сайн, эмч, мэргэжилтнүүд их идэвхтэй хамрагдсанд талархаж байна.



ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч М.Тунгалаг:

-Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүү өвчний халдварын 25 тохиолдол бүртгэгдсэний 3 нь Өмнөговь аймагт бүртгэгджээ. Өмнөх онтой харьцуулахад тоон үзүүлэлт нэмэгдсэн. Тиймээс энэ удаагийн сургалтад хамрагдаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээллийг хангалттай өглөө. Хүн амын хамгийн эрүүл байх толь хэсэг бол жирэмсэн эхчүүд байх ёстой. Гэвч судалгаа, бүртгэл мэдээллийг харахаар жирэмсэн эхчүүдийн дундах өвчлөл их байгаа нь нийт хүн амын өвчлөл өндөр байх эрсдэл их юм. Тиймээс жирэмслэх гэж байгаа эмэгтэй ганцаараа биш нөхөр нь хамт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд л төрнө гэж уриалъя. 

Related news