БАЯН-ӨЛГИЙ: Иргэн А.Байганат орон нутагт тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-01 16:08:40

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн А.Байганат хоёр сарын өмнөөс тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес эхлүүлж, орон нутгийн 3 хүнийг ажлын байртай болгожээ.


Одоогоор хүнсэнд шууд хэрэглэх тахианы мөч, хагас боловсруулсан амтат шаржигнуурыг үйлдвэрийн аргаар хийж, зориулалтын саванд савлаж Өлгий хотын бүх дэлгүүрт хүргэлтээр түгээж байна.  


Түүний хувьд орон нутагт хоолны шинэ соёл, үйлчилгээг бий болгох, дэлгүүр болон зоогийн газруудыг бэлэн бүтээгдэхүүнээр хангах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа аж.


Харин ирэх хавар үйлдвэрлэлээ өргөжүүлж тахианы мах боловсруулах цех байгуулж, шууд хэрэглэх тахианы мөч, цээж махаар бэлтгэсэн шаржигнуур, тахианы махтай гамбургер, амталж шарсан гуя, бүтэн мах /гриль/, махан таташ зэрэг нийтдээ 9 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.


Тэрбээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лабораторид шинжлүүлж эрүүл ахуй, нян судлалын зохих шаардлагыг хангасан болохыг тогтоолгожээ.


Шинэ бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд ч эергээр хүлээн авч, зах зээлд эрэлт ихтэй байгааг иргэн А.Байганат онцоллоо. 



Related news