Лондон хотын Колизей театрт 17 удаа тоглогдсон "Монгол хаан" жүжиг 40000 гаруй үзэгчид хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-03 14:25:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт “Монгол хаан” нэрээр найруулагч Б.Баатарын найруулгаар амжилттай тоглолоо.


“Монгол хаан” нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа  тоглогдож, Монгол Улсын түүх соёл,  язгуур урлаг,  жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг нийт 40000 хүнд хүргэсэн байна. Түүнчлэн үзэгчид төдийгүй олон улсын хэвлэл мэдээлэл, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авчээ.


Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, хүсэлтийн дагуу нэмэлт тоглолт зарласан “Монгол хаан” жүжгийн амжилт нь нэгэн жарны түүхтэй Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын соёлын харилцааг шинэ шатанд гаргаж чадсанаас гадна Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндрөөр өргөж, сурталчлан танилцуулсан, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.

















































Эх сурвалж: Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам

Related news