БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нутгаар салхины хурд 22-24 м/с-д хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-04 12:26:32

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 3-ны өдрийн оройноос эхлэн хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байна.


Тодруулж хэлэхэд, өнгөрсөн шөнө Өлгий хот орчмоор салхины хурд 16-22 м/с, Дэлүүн, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдын нутгаар 12-20 м/с, бусад нутгаар 11-18 м/с-д хүрч шуурсан.


Мөн Ногооннуур, Булган сумын нутгаар 1 см, Алтай сумд 3 см, Баяннуур сумд 2 см, Сагсай сумын Даян багт 10 см цас орсон. Одоогийн байдлаар Алтай, Цэнгэл, Буянт, Дэлүүн, Булган сумын нутгаар үргэлжлэн цас орж байна.


Шуурганы улмаас аймгийн төвийн зарим дэлгүүр, айлуудын дээврийн төмөр салхинд хийссэн, тагтны шил хагарсан гэсэн мэдээллийг иргэд хэлж байна. Харин аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл байхгүй аж.


Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр өнөөдөр ч салхи 22-24 м/с-д хүрч шуурах бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

Related news