ЗАВХАН: Хүрээ хийдүүдийн эдийн засгийн талаарх илтгэл сонирхолтой байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны
арванхоёрдугаар сарын
12 /МОНЦАМЭ/. “Төгсбуянт Жавхлант хийд ба Завхан аймгийн шашны түүх”
нэртэй эрдэм шинжилгээний хурал боллоо.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Завхан судлал төв, Төгсбуянт Жавхлант хийд, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулжээ. “Төгсбуянт Жавхлант” хийдийн 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан энэ эрдэм шинжилгээний хуралд Завхан аймгийн сүм хийдүүдийн түүх, соёлын талаар болон тулгамдаж буй асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцжээ.
Эрдэм шинжилгээний хуралд “Завхан судлал төв”-ийн тэргүүн Б.Түвшин, МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Баярсайхан, ШУА-ийн түүх угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч докторант Г.Бямбарагчаа мөн хүрээлэнгийн ЭША, докторант Ж.Мөнхдэлгэр тэргүүтэй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Жалханз хутагт Данзанчойживанчүг, “Төгсбуянт
Жавхлант” хийдийн хамба лам, гэвш С.Баяндорж, “Дэчинравжайлан” хийдийн дэд
хамба, буддын гүн ухааны гэвш С.Мөнхбаяр, Тариатын хүрээний хамба лам
Н.Амартүвшин тэргүүтэй лам хуврагууд илтгэл хэлэлцүүлэн нийт 20 гаруй илтгэлийг
тавьсан байна.
Анх 2003 онд Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан Завхан аймгаас төрсөн 10 хутагтын 9 цагаан суваргад түшиглэн Жавхлант толгойн хуучны “Улаан сүм”-ийн туурин дээр “Их Амгалан Арвижин Дэлгэрэх” буюу “Дэчиндаржаалин” хийдийг байгуулсан нь “Төгсбуянт Жавхлант” хийдийн үндэс суурь болсон аж.
Улмаар тус хийд 2006 оноос Завхан аймгийн бурхан шашны
төв болон өргөжсөн түүхтэй. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа хийдүүдийн дөнгөж тав хүрэхгүй хувь нь байнгын үйл
ажиллагаатай байгаа аж. Хөдөөгийн сумуудын хийдүүд байнгын үйл ажиллагаа
явуулах төсөв мөнгөгүйгээс олон хийд хаалгаа барьж, лам нар хувиараа бурхан
шашны үйлийг иргэдэд хүргэдэг байна.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын гол илтгэл нь “Завхан судлал төв”-ийн тэргүүн Б.Түвшингийн “Завхан аймгийн нутагт байсан хүрээ хийдүүдийн эдийн засаг” нэртэй илтгэл байв.
Тэрээр илтгэлдээ хүрээ хийдүүдийн эдийн засаг ямар байсан
талаарх түүхийг дурдаад одоо байгаа хийдүүдийн эдийн засгийг хэрхэн дэмжиж
болох талаар сонирхолтой илтгэлийг тавилаа. Тэрхүү илтгэлийг тоймлон хүргэе.
Завхан аймгийн нутагт байсан хүрээ хийдүүд: -Манай “Завхан судлал төв”-ийн эрдэмтдийн судлан гаргаснаар Завхан аймгийн нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж байсан 14 хүрээ, харин зун, намрын цагт үйл ажиллагаа явуулдаг хурал номын газар 36 нийт нийт 50 хүрээ хийд, хурал номын газар байсан аж. Тэдгээр нь XVII зууны эхэн үеэс үүсгэгдэж, улмаар 1930-аад оны их шуурганаар бүгдээрээ устан сүйтгэгдэж өдгөө их, бага хэмжээний туурь л үлдэж хоцорчээ.
Эдгээрт том багаасаа шалтгаалан харилцан адилгүй тооны лам нар шавилан сууж шашны үйл ажиллагааг эрхэлж байв. Сүм хийд оршин тогтнох нь эдийн засгийн учир холбогдол бүхий чухал зүйл болно. Тиймээс сүм хийдийн эдийн засаг, аж ахуйг хариуцдаг “Жас” хэмээх байгууллага бий болжээ.
Сүм хийдийн эдийн засгийг хариуцагч “Жас”: -Монгол нутагт бурхны шашин дэлгэрсний дараахан XVII зууны сүүл үеэс эхлэн Монгол оронд “Жас” хэмээх аж ахуйн хэлбэр шинээр үүсжээ. Энэ бол сүм хийдийн эдийн засагтай шууд холбоотой, аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр юм. Хүрээ хийд байгуулагдах бүрд түүний аж ахуйг нь эрхлэх байгууллага болох жас хамт бий болж байв.
Тухайлбал, Жибзундамба хутагтын Их Хүрээний жас 1656 онд байгуулагдсан байх жишээтэй. “Жас” хэмээх нь үгийн гарлын хувьд “Нийтийн өмч хөрөнгө” гэсэн утгатай түвэд үг. Хүрээ хийд, хурал номын газрын зардал болон лам нар, сүм хийдийн хэрэгцээг хангаж нийлүүлэх, тодруулбал эдийн засгийг нь зохицуулан авч явах үндсэн үүрэгтэй.
Жас нь дотроо дараах тушаалтнуудтай. Даамал, зайсан нар нь жасыг толгойлох бөгөөд тэднийг хүрээ хийдийн захиргаанаас томилно. Дэмч, няравууд нь өөр өөрийн аймаг, дацан хурлын газрын санхүү, аж ахуйг хариуцна.
Томоохон хүрээ хийдийн жасууд нь их няраваас
гадна 1-2 бага нярав, бичээчтэй байв. Жас нь сүм хийдийн аж ахуйг хариуцах учир
жил бүр мал сүргээ тоолон бүх эд аж ахуй, орлого, зарлагынхаа тооцоог гаргаж,
хүрээ хийдийнхээ удирдлагад тайлагнана.
Хүрээ хийдийн том бага, мал хөрөнгийн чинээнээс хамаараад жасын тоо харилцан адилгүй. Жижиг хурлын газар 1-2 жастай бол том хүрээ хийдүүд 50-100, зарим нь түүнээс ч олон жастай байв. XX зууны эхэн үед Халхын хүрээ хийдүүд бүгд 7000 орчим жастай байснаас зөвхөн Жибзундамба хутагтын хүрээнд 244 жас байжээ.
Жасын хөрөнгө эх суурь дараах байдлаар бүрэлдэнэ. Үүнд, Юуны өмнө сүсэгтэн олны өргөл барьцын эд зүйл, адуу мал гол суурийг нь бүрдүүлнэ. Тамга бүхий хутагт лам нар өөрсдийн харъяат нараас татаж хураасан мал хөрөнгөөр жас байгуулдаг. Сүм хийдэд бүртгэлтэй лам бүрээс нийтийн хурал номын, хоол хүнсний түүнчлэн хэрэгцээний татварыг авдаг байв. Худалдаа наймаа хийх, жин тээх, тариа тарих зэрэг ажил эрхэлж, орлого олдог лам нар тухайн зүйлээсээ жасад тодорхой хэмжээгээр тушаах ёстой байжээ.
Ийм
байдлаар “Жас”-ын хөрөнгө бүрэлдэж байв. Жасын зэрэгцээ тамгатай хутагтын
өөрийн хувийн аж ахуйг эрхлэн хөтөлдөг “Сан” хэмээх санхүү, аж ахуй хариуцсан
тусгай байгууллагатай байв.
Анхандаа
“Жас” дээрх байдлаар хуримтлагдсан хөрөнгийг хуримтлуулан шашин номын элдэв
зардалд хуваарилан зарцуулдаг байв. Харин XIX зууны сүүл ХХ зууны эхэн гэхэд
эдийн засгийн хувьд батжин, улмаар мал сүрэг, газар тариалан, худалдаа, мөнгө
хүүлэл, жин тээвэр эрхэлдэг биеэ даасан аж ахуйн хэв шинжтэй болжээ. Жасын
эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг дараах байдлаар ангилан авч үзэж болно.
Жасын мал аж ахуйн үйлдвэрлэл. ХХ зуунаас өмнө лам нарын өргөл барьц болон өмч хөрөнгийн дийлэнх хэсгийг мал бүрдүүлж байв. Тиймээс ихээхэн хэмжээний мал цуглаж, анхандаа тэдгээрийг ойр зуурын зардалд шууд нийлүүлдэг байсан бол явааандаа өсгөх болжээ. Ингэснээр жасын мал бий болов. Жасын мал сүргийг даан хариуцагч арваны дарга хэмээх хүн ч бий болжээ. Жасын малыг хариулах хүмүүс ч бий болж тэдний зарим нь үнэ хөлсгүй хариулна.
Тэд хүрээ хийдийн малыг хариулан адгуулах нь шашин номын хэрэгт нэг ёсны буян үйлдэж буй хэрэг болох тул тэд үнэн сэтгэлээсээ хандана. Түүнчлэн мал дутаах, зудад үхүүлэх зэрэг тохиолдвол өөөрийн малаас нөхөн төлж, бүрэн бүтэн байлгах нь энэ насны буян үйлдэж байна хэмээн үзнэ. Малыг нь бүрэн бүтэн өсгөж өгөхөөс гадна, ноос үс, сүү сааль, арьс шир, айраг ундааа гээд бүгдийг нь үнэ төлбөргүйгээр өсгөж өгдөг байжээ.
/Худалдаа наймаа хийж буй Улиастай, Чигэстэй голын улаан гүүр/
Тухайлбал Хошууч Мэргэн засгийн хошууны
Дуутын хүрээний жас хайрхан уулын тахиллгыг хариуцдаг, тахилгын сэтэртэн
сүргийг нутгийн иргэд үнэ төлбөргүйгээр адуулдаг байжээ. Нөгөө хэсэг нь маш
бага урамшуулалтайгаар малыг нь хариулж өгнө. Энэ хоёр талын аль алинд эдийн
засгийн хувьд ашиг тустай. Жасууд мал сүргээ бусдаар гэрээ болзлтойгоор
хариулгаж өсгөж авдаг бол түүний нөгөө талд малчин ардууд мал маллах ажил
хөдөлмөр эрхэлж, амин зуулгаа залгуулах боломжтой болж байв. Эдгээрийн аль алин
нь ч байсан тухайн цагт хүрээ хийдийн мал сүрэг цаг улирлын байдлаас үл
харгалзан сайтар өсөж байжээ.
Зарим нэгэн жишээ
дурвдал, Тэгшийн хүрээний сан жас нарын дотор түм шахсан хоньтой, мянга шахсан
адуутай, тавиад тэмээтэй нэг бусад нь цөм үүнээс цөөн малтай бөгөөд их төлөв нь
зөвхөн цаг цагийн хурлаа дөнгөж хуруулдаг буюу зарим нь хандив эрж гүйцэтгэдэг ч
байсан аж.
Архивт хадгалагдаж буй “Хязгаар нутгийн олон харуулуудын сүм дуганы тухай” баримтанд, “...Зайгал харуулын Самданлхүндэвлин сүм нь 100 орчим ламтай харьяат жасын эх цай 135, адуу 41, хонь 195, ямаа 67, үхэр 51 болно”хэмээн бичсэн байна.
Хачигийн хийдийн
жасын хөрөнгийн тухай, “... Хачиг
харуулын Гэжээлин сүмд Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдорж, Зоригт бэйл
Наваанцэрэн, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцан, Цогтой гүн Дамдин-Авшаа нарын
хошуунаас 40-50 лам сууна. Жасын адуу 8, үхэр 12, хонь ямаа 20 гаруй буй...”хэмээн
тэмдэглэсэн байна.
/Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу, одоогийн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн нутаг Тэсийн хүрээ 1825 он/
Газар тариалангийн үйлдвэрлэл: -Газар тариалангийн үйлдвээрлэлийг сүм хийд бие даасан байдалтай хөгжүүлж байв. Томоохон жасууд хүрээ хийдийнхээ хэрэгцээнд зориулан тариа тарих тусгай газартай байж, тэндээ Мөн жасын мал сүрэгтээ өвөл өгөх өвс тэжээл бэлтгэнэ. XX зууны үеийн гэхэд Халх Монголд 70 орчим их, бага хүрээ хийд тариалангийн газар, хадлангийн талбайтай болсон байжээ.
Хэн эзэмшиж байгаагаас нь шууд шалтгаалан том хутагт лам нарын
сүм хийдийн эзэмшлийн тариалан, засаг хошуудын хүрээ хийдийн эдлэн газар хэмээн
хоёр хуваан үзнэ. Жас болгон тариа тарьж байсангүй цаг агаар, газар нутаг зэрэг
олон нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой тооны жасууд газар тариалан эрхэлж
байсан. Жасын тариаланг мөн шавийн харьяат ардууд хариуцна. Зарим хүрээ хийд
тариа тарих гэж зардал сүйтгэл гаргалгүйгээр тариалангийн газраа Хятадын
тариачдад түрээслүүлж, ургацын тодорхой хувийг авах явдал ч байв.
Жасын мөнгө хүүлэл: -Хятадын мөнгө хүүллийг дууриасан жасын мөнгө хүүлэл XIX зууны дунд үед бий болов. Тодорхой хугацаатайгаар мөнгө, цай зээлүүлж түүнээс хүү авч жасын хөрөнгийг өсгөж байв. Мөнгөний хүү нь 1 лан мөнгөний жилийн хүү 25-36 хувь байжээ. Энэ мөнгөний хүү өссөөр XX зууны эхэн үед 60 хувь, заримдаа түүнээс ч давах болжээ.
Тэр хэмжээгээр сүм хийд, жасууд их орлого олж байсан байна. Жасууд мөнгө хүүлэх аргаар ашиг орлого олох тусам үйл ажиллагаа нь улам нарийсан өргөжин тэлж байв. Мөнгө цай зээлэгчдийг хөрөнгө чинээ бүхий хүмүүсээр даалган баталгаа гаргуулах, урьдчилан барьцаа авах зэргээр санхүүгийн арга механизмыг өргөн хэрэглэх болсон байна.
/Мөнгө хүүлэх/
Жасаас мөнгө, цай зээлээр авсан хүмүүс
тогтсон хугацаандаа уг мөнгө болон хүүгээ төлөхгүй бол “Хүүгийн хүү” бодож
нэхэн төлүүлдэг ажээ. Энэ бүхнээс үзэхэд, тэр үеийн сүм хийд, жасууд мөнгө
хүүлэх үйл ажиллагаагаараа банкны үүргийг ямар нэг хэмжээгээр гүйцэтгэж байсан
гэж үзэж болох юм. Яваандаа энэ байдал нь улам бүр даамжиран Жасаас бусдад
албаар мөнгө, цай тулган өгч хүүлдэг болов. Үүнийг “Шаалт мөнгө”, “Шаалт цай”
хэмээн нэрийдэж байв. Мөнгө, цайгаар зогсохгүй малыг хүүлэн өсгөж байв. Жилийн
дараа нэг бярууг хоёр, хоёр хонийг гурав болгон авах зэргээр хүүлдэг байв.
Худалдаа наймаа: -Хүрээ хийдийн худалдаа анхандаа энгийн арилжааны шинжтэй
байв. Яваандаа том хүрээ хийд, чинээлэг жасууд худалдааа наймаа сонирхон,
дотоодын төдийгүй гадаадын зах зээлд адуу мал, түүхий эд худалдах, бараа таваар
худалдан авах, зарах зэргээр хөлтэй наймаа хийх болжээ. XVIII зууны эхэн үеэс
хөгжиж XIX зууны дунд үе гэхэд хүрээ хийдийн худалдааны эргэлтийн хэмжээ
нэмэгдэж, ашиг орлого нь ихсэж, худалдаа жасын орлогын нэг уг сурвалж болон
хувирчээ. Үүнийг дагалдан зарим хүрээ хийд “Тийз” буюу “Пиу” хэмээх цаасан
мөнгө хэрэглэх болжээ. Бидэнд хамаарал бүхий Ялгуусан хутагтын хүрээ цаасан
мөнгө хэрэглэж байсан баримт бий. Тэдгээр цаасан дэвсгэртүүд нь өөр өөр нэр,
нэгжтэй байсан бөгөөд тухайн хүрээ хийдийнхээ харъяаны зах хязгаарын дотор
хэрэглэгдэж байжээ.
Жин тээвэр: -Нэг талаас худалдаа арилжаа, нөгөө талаас мал аж ахуйн үйлдвэрлэлд жин тээвэр туйлын чухал байв. Жасууд худалдаа наймааны хажуугаар жин тээх ачааны үхэр, тэмээг бусдад хөлслөх замаар орлого олно. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс гадаадын худалдааны пүүсүүдийн бараа таваар, түүхий эдийг хөлсөөр тээвэрлэх явдал эрс нэмэгджээ. Тэр үед хүрээ хийд, жас л их хэмжээний ачаа тээвэрлэх тэмээ, шар үхрийг гаргах чадалтай байв.
/Жин тээж буй нь/
Оросын эрдэмтэн А.Н.Позднеев “...Өдгөө Халхад хүрээ хийдийн лам нараас илүү олон малтай, баян чинээлэг хүн бараг үгүй. Иймээс аль нэг Хятад иргэнд жин тээх 50-60 тэмээ шаардагдахад, түүнийг аль нэг хүрээ хийд юм уу, эсвэл хутагтын сан хөлсөөр гаргаж өгдөг байна” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ нь тухайн цагт
хүрээ хийдийн жас ямархуу чинээлэг байсныг харж болно.
Дээрх байдлааар Завхан аймгийн
нутагт байсан хүрээ хийдүүд өөрсдийн эдийн засгийн байдлааа тогвторжуулж, үйл
ажиллагаагаа жигд байдлаар явуулдаг байжээ. Энэхүү “Жас” хэмээх нь анхандаа
хүрээ хийдийн үйл ажиллагааг тогтворжуулахын тулд мөнгө олох, хадгалах, өсгөх
ажлыг хийж байсан бол яваандаа энэ нь ашгийн төлөө байдалтай болж мөнгө олохын
төлөө шунах болжээ. Энэ хүрээ хийдийн нийгэм дэх нэр хүнд унахад бас нэгэн
нөлөө болж өгсөн байна гэж илтгэлдээ дурдлаа.
Ташрамд Завхан аймаг 2024 онд Жавхлан толгой болон хийдийг хамт “Жавхлант цогцолбор” болгон тохижуулах.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз
хутагт Ц.Дамдинбазарын 150 насны ой, Улиастайн сайд асан Дилов хутагт
Б.Жамсранжавын 140 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг зохион
байгуулах юм.